Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн хамт олон 93 жилийн түүх дэлгэсэн “Алдрын танхим”-тай болж, нээлтээ хийлээ.
Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, НОБГ-ын удирдлагууд болон тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа С.Эрдэнэбаяр, үе үеийн удирдлага, алба хаагчид оролцсон юм.
“Алдрын танхим”-д ангийн түүхэн замнал, үе, үеийн удирдлагууд, алба хаагчдын яруу алдар, бахархлыг хойч үедээ өвлүүлэн үлдээх үзмэрүүдийг дэлгээд байна.
Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги нь 1925 оны 04 дүгээр сарын 15-нд “Усан хөөрөгний газар” нэртэйгээр байгуулагдсан нь Монгол Улсад Гал түймэр унтраах анхны мэргэшсэн байгууллага үүссэн түүхтэй.
Тус ангийн хамт олныг ард иргэдийнхээ эрүүл мэнд, амь нас, өмч хөрөнгийг аврах, байгаль дэлхийгээ хамгаалах үйлсэд чин үнэнчээр зүтгэж ирснийг төр засгаас өндрөөр үнэлж, 1981 онд БНМАУ-ын АИХТ-ийн зарлигаар “Алтан гадас”, 2015 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор тус тус шагнаж байсан.