Ардчилсан нам Үзэл баримтлалаа шинэчлэн баталж, олон нийтэд танилцуулах аяныг эхлүүлээд байна. Улстөрийн намын Үзэл баримтлал гэж юу болох, яагаад чухал хэмээн тодотгож байгаа талаар Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй ярилцлаа.
-Ардчилсан нам өнгөрсөн онд Үзэл баримтлалаа шинэчлэн баталснаа олон нийтэд зарласан. Үүнийгээ Монголын улстөрд шинэ соёлыг авчрах алхам боллоо хэмээн тодорхойлж байна. Үзэл баримтлалтай нам гэж ямар намыг хэлэх вэ?
-Юуны өмнө та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Бид нэлээд бэрхшээлтэй цаг үед ярилцаж байна л даа. Учир нь олон нийтийн дунд намуудын нэр хүнд уначихсан, иргэд, сонгогчдын төрдөө итгэх итгэл бараг тасарчихсан энэ үед улстөрийн намын тухай ярих нь салхи сөрж алхаж байгаагаас өөрцгүй. Улстөрийн намын Үзэл баримтлал гэж тодорхой үзэл санааг эрхэмлэх, чиг баримжаа болгох, даган баримтлах замаар нийгмийг сайжруулах тухай ИТГЭЛ ҮНЭМШИЛ юм. Ардчилсан намд ямар итгэл үнэмшил байгаа вэ. Бид 1990 онд ямар итгэл үнэмшлээр нийгмийн өөрчлөлтийг эхлүүлсэн юм бэ. Тэр өөрчлөлтийн төлөө ямар итгэл үнэмшилтэйгээр 29 жилийг туулж, сорилтуудыг давж, бэрхшээлүүдийг тэвчиж, зорилгуудынхаа төлөө алхсан бэ. Эдгээр асуултыг бид дахин өөрсдөөсөө асуух цаг нь иржээ. Клиентилест намаас улбаатай авлига, иргэнээ үл тоомсорлосон, хүчирхийлсэн арга барил, баялгийн шударга бус хуваарилалт, нохойноос дор хандаж буй эрх мэдэлтний ааш аягийг тэвчээд өнгөрөх үү эсвэл өөрчлөх үү. Одоо байгааг өөрчлөх шаардлагатай юу. Өөрчлөхийн тулд ирээдүйд бид юуг хүсч байгаа юм бэ. Иргэнжсэн, ухаалаг, сайн зохион байгуулалттай, үр ашигтай төрийн үйлчилгээг үү, иргэндээ эрх чөлөөг аюулгүй баталгаатай болгож өгсөн хуулийн тогтолцоог уу, иргэдийнхээ эрх чөлөөний МАНААЧ нь болох ҮЗЭЛ БАРИМТЛАЛТАЙ улстөрийн намыг уу. Өөрчлөлт хийх арга замуудаа бид бодлого болгож иргэндээ санал болгож чадаж байна уу. Энэ бүхэнд хариулт өгөхийн тулд улстөрийн намын Үзэл баримтлалын тухай ярьж байна. Одоо байгаа нөхцөл байдлыг өөрчлөх шаардлага, ирээдүйд хүрвэл зохих өөрчлөлт (үнэт зүйл, зарчим), өөрчлөлт хийх арга замууд бол Үзэл баримтлалын гол амин сүнс нь. Үзэл санааны тогтвортой чиг хандлагатай, түүгээрээ олон нийтийн өмнө амлалт авсан намыг ҮЗЭЛ БАРИМТЛАЛТАЙ НАМ гэдэг. Ийм нам түгээж олон нийттэй харилцдаг, ялгарч бусадтайгаа өрсөлддөг, суурилж тогтвортой бодлого гаргаж чаддаг. Ийм нам хүссэн, хүсээгүй бодлогын нам болж хувирдаг. Гэтэл клиентилест нам яг үүний эсрэг ажилладаг. Сонгогч, олон нийттэй хувь лидерийн харизм, бүлгийн эрх ашгаар харилцдаг. Манай удирдагч энэ улс оронд хөгжил, дэвшлийг авчрах шударга, сэлэмтэй, “Би үхэхээс ч айхгүй” хэмээн орилдог юм. Харин тэд бодлого санал болгодоггүй. Манай бүлэг мөнгөтэй баймаар байна, дараагийн сонгуульд ялмаар байна, эрх мэдлээ хадгалж үлдмээр байна гэж хашгирдаг. Тиймээс 60 тэрбум, ЖДҮ зэрэг хулгайгаа ярьдаг юм. Харин Үзэл баримтлалтай нам бол зарчим ярьж, үнэт зүйлээ танилцуулж, бодлого санал болгодог. Энэ нь тогтвортой дэмжигчдийг бий болгодог. Үзэл баримтлалтай нам Засгийн эрх авсан тохиолдолд лидерүүдийнх нь хувийн бодол бус намын Үзэл баримтлал түүнд суурилсан бодлого хэрэгждэг юм.
-Ардчилсан нам өмнөх алдаагаа давтахгүйн тулд Үзэл баримтлалаа тодорхой болгож, иргэд сонгогчдод бодлого санал болгохоор зэхэж байгаа юм байна гэж харлаа. Алдаагаа давтахгүй байж чадах болов уу?
-Заримдаа бид алдаа гаргадаг. 2012-2016 онд Ардчилсан нам гэрч хохирогчийг хамгаална, иргэндээ ээлтэй хуулийн тогтолцоог бий болгоно, хуулийн байгууллагуудыг улстөрчдөөс салгана гэж “шидэт дохиур”-тай юм шиг хэлсэн. Гэвч бид хэлсэндээ хүрч чадаагүй. Яагаад гэвэл арай ядан эрх мэдэлд хүрсэн лидерүүд атгаг санаа, явцуу хувийн шуналаасаа болоод “махны машин”-аа хэвээр үлдээж, “шударга бусын хонгил”-оо төгөлдөржүүлсэн. Эцсийн үр дүнд тэр хонгилоор нь энгийн шударга иргэд урсч байна. Намын Үзэл баримтлал түүнд суурилсан бодлого биш хувийн эрх ашигтаа хөтлөгдсөн учраас сахилга батгүй, эв нэгдэлгүй байсан учраас иргэд, сонгогчдын итгэл алдарч, Ардчилсан нам арай ч дээ гээд 2016 оны сонгуулиар дүнгээ тавьсан шүү дээ. Намын Үзэл баримтлал түүнд суурилсан бодлого гэдэг бол дотоод сахилга бат, эв нэгдлийг хангадаг хамгийн гол хүчин зүйл. Үзэл санаа, зарчим, бодлого дээр нэгдэнэ гэдэг бол эв нэгдэлтэй, дотоод сахилга баттай байгаагийн илэрхийлэл. Үзэл баримтлалынхаа флатформыг бий болгох, хөгжүүлэх ажилд нам үндсэн зохион байгуулалтаа бүрэн чиглүүлснээр иргэдийн улстөрийн боловсролыг дээшлүүлдэг. Иргэний, ардчиллын боловсролыг дээшлүүлж байдаг. Өөрөөр хэлбэл, нам иргэд, сонгогчдоо бэлтгэж, соён гэгээрүүлж, дэмжигчдээ бий болгох замаар ардчиллыг баталгаалжуулдаг. Үзэл баримтлал түүнд суурилсан бодлого хувь улстөрчийн үйл ажиллагааг хязгаарлаж, намын нэрээр эрх мэдэлд очсон лидерүүд хамтын үнэт зүйл, нэгдсэн зорилгодоо үнэнч, тууштай байх сахилга баттай болдог. Ойролцоо үзэл баримтлалтай хүмүүс баг болж илүү амжилттай, урт хугацаанд тогтвортойгоор үзэл санаагаа хэрэгжүүлдэг. Сонгогч, олон нийт популист улстөрчдийн дунд төөрөх бус асуудлыг шийдэх шийдэл, зарчим нь тодорхой улстөрийн ойлгомжтой сонголттой болдог.
-Үзэл баримтлалаа цаасан дээр буулгах эхний алхам. Харин Үзэл баримтлалаа урт хугацаанд сахин хамгаалж, хэрэгжүүлнэ гэдэг амаргүй даваа та бүхнийг хүлээж байгаа...
-Намын олон нийт лидерүүдээ хянадаг, дотоод сахилга бат ажилладаг, алсын хараатай бодлого тодорхойлдог, тогтвортой, бодит дэмжигчидтэй болох нь улстөрийн намын өдөр тутмынхаа үйл ажиллагааны үр дүнд олж авахыг эрмэлздэг ололтууд. Эдгээрийг Үзэл баримтлалтай намын үйл ажиллагаа л хангаж чадна. Харин клиентилест намын үйл ажиллагаа хангаж чадахгүй. Эцсийн дүндээ энэ бүхэн их сургуулиуд, бодлогын институтуудтэй хамтран ажиллах улстөрийн соёл бүрдүүлдэг. Илүү ухаалаг, илүү учир шалтгаантай, алсыг харсан бодлогыг тээгч нь нам болж хувирдаг. Энэ шинэ соёл улстөрийн намыг судлаачдын боловсруулсан хөгжлийн бодлогыг төрийн бодлого болгон хэрэгжүүлэх гүүр болгон төлөвшүүлдэг. Гэтэл Монгол Улсад өнөөдөр улстөрийн нам яагаад хөгжлийн гүүр биш авлигын гүүр болоод хувирчихав аа. Хулгайг дамжуулах шидэмс нь болчихов оо. Энэ шидэмсийг тасалж, хөгжлийн гүүр болгох боломж Ардчилсан намд байна. Бид 2018 оны арванхоёрдугаар сарын 5-нд Улаанбаатар хотод Үзэл баримтлалаа баталсан. Ардчилсан нам нь Монгол Улсын тусгаар тогтнол, Үндэсний эрх ашиг, Үндсэн хуульт ардчиллаа хамгаалан бэхжүүлж, хувь хүний эрх чөлөө, хуулийн засаглал, чөлөөт зах зээл, иргэний нийгмийн зарчимд суурилсан тогтвортой хөгжлийн төлөөх БАРУУН ТӨВИЙН НАМ байна гэдгээ тодорхойлсон. Бид 1990 оны ардчиллын ололтуудыг, 1992 оны Үндсэн хуулийн суурь зарчмуудыг бэхжүүлнэ, хамгаална. Гэхдээ хувь хүний эрх чөлөө, хуулийн засаглал, чөлөөт зах зээл, иргэний нийгмийн зарчимд суурилах байдлаар ажилладаг БАРУУН ТӨВИЙН НАМ байна. Бид үүнийг өмнө нь мэддэг байсан. Гэхдээ арай бүдэг томъёолсон байж. Харин Үзэл баримтлалаа шинэчлэн баталснаар илүү тодотгож өглөө. Хувь хүний эрх чөлөө, Эдийн засгийн эрх чөлөө, Улстөрийн эрх чөлөө, Шударга ёсны эрх чөлөө, Үндэсний эрх чөлөө гэсэн таван зүйлийг Ардчилсан намын тулгуур үнэт зүйл хэмээн тодорхойлсон. Энэ таван үнэт зүйлд тулгуурлан Ардчилсан нам мөрийн хөтөлбөрөө боловсруулна. Эдгээр үнэт зүйлс тохиолдлоор бичигдээгүй. Та бүхэн санаж байгаа байх. 2008 онд Ардчилсан нам “Монгол хүн” гэдэг хөтөлбөр боловсруулаад иргэд нь улсынхаа эзэн шиг амьдрах бодлого боловсруулсан. Бид тэр бодлогоосоо ухраагүй. Яагаад гэхээр 1990 онд бид иргэндээ эрх чөлөөг нь олгож, улс нь биш иргэн нь баян байвал улс орон хөгжих зарчмыг бий болгосон. Яг энэ зарчмаараа Ардчилсан нам хүн төвтэй бодлого хэрэгжүүлнэ. Хүн аз жаргалтай, чинээлэг, эрүүл амьдрахын тулд нэгдүгээрт хувь хүний эрх чөлөө маш чухал. Хувь заяагаа мэддэггүй, шийддэггүй хүн бол эрэг шураг шиг бусдад боолчлогддог. Гэхдээ хувь хүний эрх чөлөө хувийн өмч, эдийн засгийн боломжоор баталгаажаагүй цагт эрсдэлтэй байдаг. Тиймээс хувь хүний эрх чөлөөг эдийн засгийн эрх чөлөө хангана. Эдийн засгийн эрх чөлөөгөө хангасан хүн улстөрийн эрх чөлөөнд илүү хариуцлагатай ханддаг юм. Хувь хүний эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө, улстөрийн эрхчөлөө нэгдэж байж энэ улсын эзэн нь хэн бэ гэдгийг тодорхойлдог хүчирхэг иргэн бий болдог. Хүчирхэг иргэнийг хамгаалдаг тогтолцоо нь шударга ёсны тогтолцоо буюу хуулийн засаглал юм. Шударга ёсны тогтолцоо буюу хуулийн засаглал хүчтэй байх ёстой. 1990 онд бид Монгол Улсын хувь заяаг гадаадад шийддэг байсныг дотооддоо шийдэх үндэсний эрх чөлөөг олж авсан. Гэвч өнөөдөр Монгол Улсын хувь заяа дахиад л эрсдэлтэй тулгарсан байна. Тоглоомын засаг, тоглоомын улс бүрэлдэх буруу эргүүлэг рүүгээ явж байна. Буруу эргүүлгийг зогсоох хүч 1990 онд Монгол оронд Ардчилсан хувьсгалыг авчирсан намд байна уу үгүй юу гэдэг сорилтын цаг үе дээр бид зогсч байна. Авлигын, хулгайн тойргийг задалж, хөгжлийн тойрогт орохын тулд Ардчилсан нам мөрийн хөтөлбөрөө батална. Энэ мөрийн хөтөлбөр бидний зүрх сэтгэлд ойр байж, лидерүүдийнхээ бодлогыг хянаж, намын олон нийт энэ улсын хөгжлийн төлөө байж, намын нэрээр гарсан эрх мэдэлтнүүд улстөрийн индэр дээр тонгичихгүй байх хазаар нь ҮЗЭЛ САНАА юм.
- Таны ярианд клиентилест намын талаар хэд, хэдэн удаа дурдагдлаа. Клиентилест нам гэж юуг хэлээд байна вэ?
-Яагаад намууд зөвхөн мөнгөөр бүх зүйлсийг шийддэг, эрх мэдлийг ч худалдаж авч болдог гэдэгт итгэдэг хүмүүсийн цугларал болчихов. Яагаад намууд боломж олдвол хулгай хийж болно гэж боддог гэмт сэдэлтэй хүмүүсийн бөөгнөрөл болчихов оо. Яагаад намууд бүлэглэл хоорондын зодооны тавцан болж хувирав. Яагаад намууд энэ улс орныг хэрхэн хөгжүүлэх талаар ярихаасаа илүүтэйгээр яаж сандал, суудалтайгаа үлдэх вэ, ялахын тулд юу ч хийхээс буцахгүй болчихсон хүн чанараа тээр хол гээчихсэн хүмүүсийн сэлэмний үзүүрт хэрчигддэг “махан таташ” болоод хувирчихав аа. Энэ бүхний хариулт эцсийн дүндээ ганцхан үгээр илэрхийлэгдэнэ. Өөрөөр хэлбэл, клиентилест нам бүгдийг худалдаж авч болно гэж үздэг. Бүгдийг хуйвалдаанаар шийдвэрлэж болдог гэж зүтгэдэг. Сандал, суудалтайгаа л үлдэж байвал хэний ч амьдралыг хөлийнхөө улан дор гишгэж болно гэж боддог, итгэдэг хүмүүсийн тогтолцоо улстөрийн намыг орлох болсноор клиентилест нам, клиентилест улс төр, харилцан тохиролцож худалдах сэтгэхүй ноёлсон зохион байгуулалт болж хувирчээ. Клиентилест улстөрийн хамгийн тод жишээг бид саяхан төв талбайд зохион байгуулагдсан жагсаалаас харж болно. Төрийн бүх эрх мэдлийг хар зах зээлд салгаж борлуулж байна. Түүнийгээ үргэлжлүүлэхийн тулд жирийн дундаж иргэдэд очих ёстой байсан зээлийг 30-40-үүлээ хуйвалдаж авдаг, хуулийг, хуулийн байгууллагуудыг, ардчиллын механизмуудыг бүлэг, фракцад ашиглуулж чаддаг бүтэц бол клиентилест нам. Клиентилест намаас ангижрах цорын ганц арга зам бол Үзэл баримтлал. Клиентилест намын нөгөө талд нь дахиад клиентилест нам байж болохгүй. Тиймээс л улстөрийн намд Үзэл баримтлал чухал. Бид хэн нэгэн дарга, бүлэглэлийг дагаж биш итгэл үнэмшлээрээ ойртож болох, үнэт зүйлээрээ нэгдэж болох, хийх ажлаараа алхамуудаа төлөвлөж чадах зохион байгуулалт, эв нэгдлийг хүсч байгаа юм.
-Улстөрчдийн ёсзүйгүй үйлдэл, хулгай, авлига, увайгүй бохир үйлдлүүд олон нийтийн итгэлийг нь бөхөөлөө. Энэ урсгалыг АН, намын олон нийт сөрж зогсч чадах уу?
-Ийшээ унах уу, тийшээ явах уу гэдэг сонголттой Монголын бүх улстөрийн намууд тулгарсан. Тэгвэл Ардчилсан нам сонголтоо хийж чадах уу, хийх хүсэл эрмэлзэл байна уу, хийхийн тулд нэгдэж чадах уу. Улстөрийн өрсөлдөөн тийм амар зүйл биш л дээ. Заримдаа улстөрчид намд утаа хаашаа хийсч байгаагаас илүү салхи хаанаас салхилж байгааг харах шаардлага тулгардаг. Зарим тохиолдолд урсгал дагаж хөвөх нь амь насанд ч, эд хөрөнгөнд ч, нэр төрд ч халгүй байх нь бий. Гэхдээ өнөөдөр ялагдахаа мэдэж байгаа ч, энэ үгийг хэлснээр олон хүний дургүйцлийг төрүүлэхээ ойлгож байгаа боловч маргаашийн үнэний төлөө эрсдэл гаргаж, урсгал сөрж алхах эр зориг улстөрийн намд хэрэгтэй. Эрсдэл гаргах зоригийг улстөрчийнх нь хувьд урам өгч, тэвчээр бэлэглэж, маргаашийн төлөөх итгэл найдварыг нь тэжээдэг ганц зүйл бол ҮЗЭЛ САНАА. Бид олуулаа байна гэж онгирох биш, манай дарга хамгийн мундаг нь гэж итгэх биш, бид мөнгөөр бүхнийг шийднэ гэж муйхарлах биш. Улстөрийн өрсөлдөөнд орж, бэрхшээл, сорилтыг туулах хүмүүст өөрчлөлт хийх урам зориг, тэвчээр, итгэл хэрэгтэй. Үүнийг урт хугацаанд тогтвортой өгдөг зүйл бол ҮЗЭЛ БАРИМТЛАЛ юм. Тэр намын ҮНЭТ ЗҮЙЛ, ФИЛОСОФИ, ЗАРЧИМ юм.