Говь-Алтай аймгийн нутгийн хойд хэсгээр энэ сарын 10, 11-нд цас орж, цасан шуурга шуурна. Мөн өдрүүдэд нутгийн өмнөд хэсгээр салхи 14-16 м/с хүрч ширүүсч хүйтний эрч чангарна хэмээн Ус цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Алтайн уулархаг нутгаар шөнөдөө 32-37 градус, өдөртөө 19-24 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.
Баярын өдрүүдэд хөдөө орон нутгийг зорих иргэдийн тоо эрс нэмэгдэж байгаа тул жолооч тээвэрчид та бүхэн хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр авахыг тус аймгийн Онцгой байдлын газраас анхааруулав.
Мөн хүчтэй цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдаж, автозам, даваа цасанд хаагдан халтиргаа гулгаа үүссэний улмаас тээврийн хэрэгсэл саатах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, шаардлагагүй тохиолдолд замд гарахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.