“Эрдэнэс-Тавантолгой” ХК өнгөрсөн онд 720 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан хэмээн шинэ оны босгон дээр тус компаниас зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэж байсан. Энэ мэдээллийг сонссон хүн бүхний толгойд 1072 хувьцааны ногдол ашгаа авах тухай бодол орж зурс хийсэн билээ. Дансаа нээлгэх, хувьцаагаа баталгаажуулах их ажлын эрэлд иргэд явж байх зуур тус компанийнхан түүхий нүүрсний экспортоо багасгаж, өөрийн өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, тус орд газрыг үйлдвэрлэлийн бүс нутаг болгон хөгжүүлэх санаагаа ажил хэрэг болгох эхлэлийг тавиад байна.
Үүний нэгэн тод жишээ нь өчигдөр буюу энэ оны хоёрдугаар сарын 12-ний өдөр “Туушин” зочид буудалд болсон “Эрдэнэс-Тавантолгой -Инноваци, үйлдвэрлэл” эрдэмтэд, үйлдвэрлэгчдийн зөвлөгөөн юм. Уул уурхайн салбарт инновацийг нэвтрүүлэх зорилго бүхий энэхүү зөвлөгөөнийг “Эрдэнэс -Тавантолгой” ХК, Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөл хамтран зохион байгуулж байгаа ажээ. Зөвлөгөөнөөр яригдсан гол асуудал бол Тавантолгойн нүүрсний бүлэг ордыг түшиглэсэн аж үйлдвэрийн цогцолборыг хөгжүүлж, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлж, экспортлогч орноос импортлогч болон хөгжих хөгжлийн гарцыг нээх төслийг эхлүүлэх олон санал санаачилга, эрдэмтдийн судалгаанууд яригдсан. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ:- Монгол Улс нэг тулгуурт эдийн засагтай. Дэлхийн эдийн засагтай дэндүү хамааралтай байна.
Тэгэхээр бид эдийн засгийн төрөлжилт рүү чиглэж инноваци нэвтрүүлэх нь нэн чухал зорилт болоод байна. Тавантолгойн орд газарт үйлдвэр барьснаар нэг тонн нүүрсийг 150 ам.доллараар зах зээлд борлуулах боломж бий. Эдийн засгийг тэлэхэд шинжлэх ухааны шийдэл чухал. Үүн дээр бид хоцорч яваа. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хөгжлийг ганц хоёр жил биш 20-25 жилийн төсөөллийг гаргах хэрэгтэй. Монгол Улсын Засгийн газар нийт иргэдийн 70 гаруй хувийг нь дунд болон түүнээс дээш орлоготой болгох зорилт тавьж байгаа. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд баялгийн зөв хуваарилалтыг хийх хэрэгтэй. Энэ ажлыг хэрэгжүүлэхэд баялагийн сан зайлшгүй шаардлагатай болоод байна. Бид Норвеги, Казахстан улсын жишгээр баялгийн сан байгуулахыг зорьж байгаа. Энэ сан улс төрөөс ангид байна.
Дөрвөн жилийг харж хөгжлөө тодорхойлдгоо болимоор байна. Улс төрийн намуудтай ярьж хамтран улс орны хөгжлийн төсөөллийг 20 жилээс дээш хугацаагаар гаргах нь чухал байна гэж ярилаа. Мөн “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг -Манай компанийн сүүлийн хоёр жилийн амжилт төр муу менежер гэсэн ойлголтод цэг тавих цаг болсныг харууллаа. Олон жил яригдсан Хятадын “Чалко” компанийн өр, Хөгжлийн банкны зээлийг дарж барагдуулсан нь зах зээлд нүүрсний үнэ нэмэгдсэн нь нөлөөлсөн ч уурхайчдын ажлын үр дүн зохион байгуулалттай шууд холбоотой. Тус компани үйлдвэржилтийн төслийг эхлүүлэх хөтөлбөр дээр төр нэгдсэн байр суурьтай болсон. Бид олон улсын зах зээлээс хөрөнгө босгох ажил явагдаж байна гэж ярьсан.
Тус компани дэргэдээ утаагүй түлшний үйлдвэр байгуулаад үйл ажиллагаа нь жигдрэн явж байгаа билээ. Зөвлөгөөн дээр яригдсан энэ олон төсөл хэрэгжих санхүүгийн болон улс төрийн нөхцөл байдал бүрэлдэж чадвал коксжих нүүрсээ “чулуу” болгож, цахилгаан станц, химийн болон нийлэг хийн үйлдвэр, төмөр зам гээд үйлдвэрлэлийн цогц бааз бий болох төсөөлөл харагдаж байна. Энэхүү төсөөллийг ажил хэрэг болгоход инновацийг нэвтрүүлж, эрдэмтдийн санал, боловсруулсан төсөл хэрэгтэй гэдгийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийнхан мэдэрчээ. Тус компани дэргэдээ салбар салбарын эрдэмтдээс бүрдсэн “Судалгаа хөгжлийн төв” байгуулахаар төлөвлөжээ.
Энэ ажлын эхлэлийг тавьж тус зөвлөгөөний үеэр “Эрдэнэс-Тавантолгой” ХК, Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Ийнхүү Тавантолгойн бүлэг орд газар шинжлэх ухааны судалгаа тооцоонд тулгуурлан хөгжих үүд нээгдэв. Харин энэ үүдээр хэрхэн зөв алхаж орох уу гэдэг л үлдлээ. Олон эрдэмтэд төслөө танилцуулсан. Энэ бүлэг орд газарт химийн үйлдвэр, цахилгаан станц байгуулах нь эдийн засгийн хувьд хамгийн үр өгөөжтэй гэж зөвлөгөөнд оролцогчид дүгнэж байсан. Уул уурхайн бүтээгдэхүүний 90 хувийг экспортод гаргадаг ч улсын төсвийн 18 хувийг л бүрдүүлж байгаа нь Монголын эдийн засаг ямар хэмжээнд байгааг илтгэх тоо гэхэд болно.
Өмнө нь уул уурхайн чиглэлийн инженер техникийн ажиллагсад нэг танхимд гадаадын зөвлөх урьж хуралдаад тардаг. Эрдэмтэд нь өөр танхимд цуглаад хуралддаг. Энэ хоёрын хэн нь ямар ч шийдвэр гаргадаггүй байлаа. Ингэж хуралдахаа тогтсон ёс мэт боддог байв. Тэгвэл энэ удаагийн зөвлөгөөн үйлдвэрлэгч, эрдэмтэд нэг ширээний ард зэрэгцэн сууж байгаад хөгжлийн шийдлээ ярилцаж, санал бодлоо солилцон цааш явах гарцаа тодорхойлж байгаагаараа онцлог байлаа. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зураад байгаа Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлийн ерөнхийлөгч Ж.Оюунбилэгтэй уулзаж ярилцлаа.
-Танай байгууллага хэдэн онд байгуулагдсан бэ. Шинжлэх ухааны академиас юугаараа ялгаатай юм бэ?
-Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөл 2014 оны гуравдугаар сард байгуулагдсан нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага. Одоогоор салбар салбарын 100 гаруй эрдэмтэд, бизнесменүүд гишүүнээр элсэн хамтран ажиллаж, бие биенийхээ орон зайг нөхөж явдаг. Шинжлэх ухааны академи /ШУА/ бол төрийн статустай байгууллага. Бид өрсөлддөггүй. Хамтран ажилладаг. ШУА онолын суурь судалгааг явуулах үүрэгтэй. Энэхүү суурь судалгаан дээр үндэслэн бид төслөө хийж, санал болгож, хамтран ажилладаг.
-“Эрдэнэс-Тавантолгой” ХК-тай хэрхэн хамтран ажиллах уу?
-Түүхий эд нийлүүлэгч байх уу, үйлдвэрлэгч байх уу гэсэн уулзварын дунд бид зогсож байна. Яг ийм цаг үед түүхэн шийдвэр гаргаж чадвал бид хөгжлийн гарцаа зөв олно. 21-р зууны аж үйлдвэр өнөөдрийн үйлдвэр хоёр эрс ялгаатай болоод байна. Өөрөө хэлбэл үйлдвэрлэлийн дөрөвдүгээр үе эхэлчихээд явж байна. Оюунлаг үйлдвэрлэлийг бий болгох шаардлага бидний өмнө тулгараад байна. Үүнийг бий болгох зорилготой санамж бичиг байгуулж байгаа юм.
-Ямар үйлдвэр барих төслийг санал болгож байгаа юм?
-Орчин үед нүсэр том үйлдвэр гэхээсээ илүү инновацид тулгуурласан байгаль орчинд ээлтэй, дунд оврын үйлдвэрлэл рүү дэлхийн чиг хандлага явж байгаа. Бид ч үүнээс хоцормооргүй байна шүү дээ. Тавантолгойн нүүрсний орд газрыг түшиглэсэн нүүрс, химийн үйлдвэрлэлийн цогцолборыг байгуулах нь нэн чухал гэж үзэж байгаа. Энэ үйлдвэрлэлийг эхлүүлж чадвал нүүрсээ баялаг болгох боломж бүрдэнэ. Харин нефть баялаг биш юм билээ. Дэндүү хатуу чанартай бүтээгдэхүүнд тооцогддог. Нүүрсээ түшиглэсэн үйлдвэрлэлийн баазыг бий болгосноор 100 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх сайхан ирээдүй харагдаж байгаа гэв.
Тус зөвлөлийн гишүүд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн уурхайд шинэ технологи нэвтрүүлэхэд шаардлагатай цахилгаан хангамжийн асуудал, шийдвэрлэх арга зам”, “Өмнийн говийн ус хангамжийн асуудал, хэтийн төлөв”, “Нүүрснээс шатдаг хий, метан гарган авах үйлдвэр”, “Нүүрснээс утаагүй түлш, нийлэг хий гарган авах технологи” зэрэг олон төслийг танилцуулж санал бодлоо солилцлоо. Энд хамгийн их сонирхол татсан төсөл нь ”Нүүрснээс утаагүй түлш, нийлэг хий гарган авах технологи” төсөл байлаа. Тавантолгойн нүүрсний орд газрыг түшиглэн цахилгаан станц барих, Тавантолгой-Гашуун сухайт, Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажлыг эхлүүлнэ гэдгээ өмнө нь зарлачихаад байгаа.
Харин тус ордыг бүрэн эдийн засгийн эргэлтэд оруулахад өөр ямар үйлдвэрлэл хэрэгтэй вэ гэсэн асуулт хариулт нэхэж байгаа. Дээрх төслийг танилцуулсан академич Б.Авид “Манай улс 173,3 тэрбум чулуун нүүрсний нөөцтэй. Үүнээс 37,4 тэрбумыг нь л судлан ашиглаж байгаа. Эдгээр нүүрсээ боловсруулж, нийлэг хий гаргаж авах нь хамгийн их эрэлт хэрэгцээ бий гэж харж байна. Энэ бол Монгол улсын хөгжих гарц мөн гэдэгт итгэлтэй байдаг. Химийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхгүйгээр цааш явахгүй. Нүүрснээс азот, фосфорын бордоо гаргадаг. Дэлхийн зах зээлд бордооны хэрэглээ жил ирэх бүр нэмэгдэж байна. Химийн үйлдвэр байгуулснаар маш олон асуудлыг шийдвэрлэж чадна.
Нийлэг хий гэх мэт 10 гаруй төрлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх эхлэл тавигдана” гэж ярьж байсан. Өмнийн говь үйлдвэржих эхлэл ийнхүү тавигдаж байна. Гэхдээ ямар ч үйлдвэр байгуулсан усны асуудалтай тулгардаг. Яригдаж байгаа үйлдвэрлэлийн цогц төслийг эхлүүлэх хөрөнгийг босгох нэг хэрэг. Харин усыг хэнээс гуйх вэ? гэдэг асуултыг ”Өмнийн говийн ус хангамжийн асуудал, хэтийн төлөв” илтгэл тавьсан “Усны үндэсний төв” төрийн бус байгууллагын дэд захирал, Монгол Улсын зөвлөх Ш.Ганзоригт тавилаа.
“Манайд хоёрхон арга байгаа. Нэгд огт үйлдвэр байгуулахгүй бүх баялгаа гадагш нь экспортлох. Хоёрт нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх. Хоёр дахь хувилбарыг сонгосон тохиолдолд Монголын орныхоо усны нөөцийн судалгаан; үндэслэн миний танилцуулсан технологийн дагуу Хэрлэн, Орхон голоос ус татаж байж л энэ яриад байгаа үйлдвэрүүдийн үйл ажиллагааг жигд явуулах нөхцөл бүрдэнэ. Үнэхээр Тавантолгойн бүлэг орд газарт үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах гэж байгаа бол энд танилцуулсан бүх төслийнхөө техник эдийн засгийн үндэслэлээ /ТЭЗҮ/ барууны аргачлалаар хийх хэрэгтэй. Үүнд Засгийн газар хөрөнгө гаргаж, ач холбогдол өгөх нь чухал.
Казахстаны хөгжсөн түүх ердөө энэ шүү дээ. Сайн ТЭЗҮ-тэй төсөл гадаадын хөрөнгө оруулагчид булаацалдаад авдаг” гэлээ. Манай улс 1990 онд уул уурхайн бүтээгдэхүүнийхээ 23 хувийг боловсруулан нэмүү өртөг шингээн экспортолдог байсан бол 2017 оны байдлаар 10 хувь хүртэл буурчээ. Ингэж ухарч буй уул уурхайн үйлдвэрлэлд шинэ технологи, инноваци нэвтрүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилтыг “Эрдэнэс-Таван толгой” ХК өмнөө тавин их үйлийн аянаа эхлүүллээ. Нүүрс, зэс дээр тулгуурласан эдийн засгийг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн давамгайлсан эдийн засагтай үйлдвэржсэн улс болох эхний алхмаа зөв тавилаа гэж зөвлөгөөнд оролцсон эрдэмтэд дүгнэж байлаа.
С.ЭРДЭНЭБАТ