“Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийг шинэчлэн батлав. Үүнд гадаад улсад албан томилолтоор ажиллах хугацаандаа дипломат ёс жаягийг хатуу баримталж, Монгол Улсын нэр хүндэд харшилсан аливаа үйлдэл гаргахгүй, мөрийтэй тоглоом/казино/ тоглох, энэ төрлийн үйлчилгээний газраар үйлчлүүлэхийг хориглож, зөрчил гаргасан тохиолдолд ажлаас чөлөөлөх зэрэг хариуцлага тооцох хэм хэмжээг тогтов.
Сүүлийн жилүүдэд гадаад харилцаа өргөжин тэлэхийн хирээр төрийн албан хаагчид гадаад улсад зорчих, албан томилолтоор ажиллахдаа мөрийтэй тоглодог, энэ төрлийн газруудаар ихээхэн үйлчлүүлдэг гэсэн мэдээлэл гарч байгаа нь Монгол Улсын төрийн алба, төрийн албан хаагчдыг үнэлэх үнэлэмжийг бууруулж байна.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас цаашид энэ тогтоолыг хэрэгжүүлэхэд иргэн бүрийн оролцоо, дэмжлэгийг хүсч байна. Засгийн газрын гишүүд, Төрийн захиргааны болон улстөрийн албан тушаалтнууд ТӨҮГ, төрийн өмчит аж ахуйн нэгжийн удирдлагууд, нийт төрийн албан хаагчдын гадаад улс оронд зорчин, ажил үүргээ гүйцэтгэх явцдаа мөрийтэй тоглох зэрэг хууль бус үйлдэл гаргасан талаарх мэдээллийг ЗГХЭГ-т иргэдээс хүлээн авч байна. Цаашид улирал тутамд нэгтгэн олон нийтэд мэдээлж, холбогдох хариуцлагыг тухай бүр тооцох юм. Дүрмийг шинэчилснээр төрийн албан хаагчид дипломат ёс жаягийг нийтээр дагаж мөрддөг болохын зэрэгцээ зөрчсөн тохиолдолд төрийн албан хаагч өөрөө сайн дураараа ёс зүйн хариуцлага хүлээх соёлыг төлөвшүүлэх ач холбогдолтой хэмээн үзэж байгаа аж.