ШХАБ-д Монгол Улс элсэхийг эсэргүүцэхээс гадна ЖДҮХС-гаас зээл авсан албан тушаалтнуудад хариуцлага тооцох, УИХ-ыг тарахыг шаардсан "Онц их хуралдай" жагсаал, цуглааныг Ардчилсан намаас Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр зохион байгуулав.
Жагсаалд Ардчилсан намын 21 аймаг, 9 дүүргийн төлөөлөл, Ардчилсан ахмадын холбоо, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо, Ардчилсан залуучуудын холбоо, Ардчилсан оюутны холбооны төлөөлөл нэгджээ.
АН-ын дэд дарга С.Эрдэнэ, "УИХ-ын зарим гишүүд ШХАБ-д нэгдэхээр “кноп” дарахад бэлэн болжээ. Монгол Улс ШХАБ-д элсэх асуудлыг Ардчилсан нам эсэргүүцсээр ирсэн. Мөн ЖДҮХС-гаас зээл авсан гишүүд хариуцлагаа хүлээхийг шаардаж байна. Өнөөгийн УИХ албан тушаал, эрх мэдлийн төлөө тэмцэлдэж, өнгөрсөн гурван жилийн хугацаанд сонгуулийн мөрийн хөтөлбөрөө биелүүлээгүй. Тиймээс УИХ тарж, шударга ёс, хуулийг дээдэлдэг УИХ бүрэлдэх ёстой гэж бодож байна” гэв.