Номын сантай цэцэрлэгт хүрээлэнгийн 2 дахь салбар нээлтээ хийлээ

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэнгийн санаачилгаар “Цэцэрлэгт хүрээлэнтэй номын сан” төслийг дүүргийн нутаг дэвсгэрт 4 байршилд байгуулах төслийг 2 жилийн өмнө эхлүүлсэн. Тэгвэл өнөөдөр тус төслийн 2 дахь номын сан 15-р хороонд нээлтээ хийлээ.

120м2 талбайтай, 6000 орчим номтой уг номын сан 09:00-18:00 цагын хооронд иргэдэд үйлчилнэ. Номын сан 2-оос дээш насны бүх иргэдэд зориулагдсан тул бага насны хүүхдэд зориулсан зурагт номоос авахуулаад дэлхийн сонгодогууд, хууль дүрмийн эмхэтгэлүүд ч байгаа юм.

Номын сангаар иргэд чөлөөт цагаараа болон цэцэрлэгт хүрээлэнд хүүхдээ салхилуулахдаа үйлчлүүлэх боломжтой. Энэ талаар Засаг дарга Ж.Сандагсүрэн “Иргэд амралт, чөлөөт цагаараа гэрийнхээ ойр орчимд хүүхдээ салхилуулангаа ном уншаад суух нөхцлийг бүрдүүлэхийг зорьсон. Ном унших гэж номын сан орж цаг алдалгүйгээр гэрийнхээ ойр орчимд салхилах зуураа ном унших боломжтой. Энэ жилдээ багтаад дахин хоёр цэцэрлэгт хүрээлэнтэй номын сан барихаар төлөвлөн ажиллаж байна.Үүний нэг нь Толгойтод байх юм. Номын сан байгуулах санхүүжилтийг зам тавих, гэрэл суурилуулах зэрэг бүтээн байгуулалтын ажилд төсөвлөсөн мөнгөнөөс илүүчилж хийж байгаа. Нийслэлээс тусад нь төсөв гаргуулж байгуулна гэвэл нэг номын санд 300 гаруй сая төгрөгийн төсөв хэрэгтэй гээд байгаа. Ганц номын сан барихад ийм хэмжээний мөнгө төсөвлөх нь таатай биш учраас дүүрэгт хуваарилсан бүтээн байгуулалтын мөнгөнөөс илүүчилж энэ номын санг 150 орчим сая төгрөгт багтаан байгуулж байна” хэмээн ярилаа.

Уг номын сангийн номнуудыг дүүргийн иргэд болон төрийн албан хаагчид, байгууллага хамт олны хандиваар цуглуулсан бөгөөд ном хандивлах аян цаашид ч үргэлжилж дараагийн 2 номын сангийн номын фондыг үүсгэх юм.