Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Ардын уран зохиолч, Төрийн гурван удаагийн шагналт, зохиолч, орчуулагч, нэрт эрдэмтэн, академич Цэндийн Дамдинсүрэнгийн дурсгалд зориулсан гэрэлт хөшөөг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд
сүндэрлүүллээ. Нээлтийн ёслолд Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, МЗЭ-ийн удирдах зөвлөлийн дарга, МУСГЗ До.Цэрэнжав, ШУА-ийн дэд ерөнхийлөгч, академич Д.Чулуунбаатар, Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Д.Цоодол, Төрийн соёрхолт зохиолч, яруу найрагч Д.Төрбат зэрэг эрхэм хүндтэй зочид төлөөлөгчид оролцсон.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нээлтийн үеэр “Үндэсний бичиг соёлын өдөртэй зэрэгцэн төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Ардын уран зохиолч, Төрийн гурван удаагийн шагналт, зохиолч, орчуулагч, нэрт эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэн гуайн гэгээн дурсгалд зориулсан гэрэлт хөшөөг нээж байгаадаа сэтгэл өндөр байна. Ц.Дамдинсүрэн гуай бол ХХ зууны Монголын том соён гэгээрүүлэгч хүн билээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Хулан энэ ажлыг бодитоор хэрэгжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллан, НИТХ болон НИТХ-ын Тэргүүлэгчдэд асуудлыг хөндөн тавьж шийдвэрлүүлснээр Улаанбаатар хотын ЗАА-наас шаардлагатай төсөв хөрөнгийг гаргаж, өнөөдрийн энэ сайхан хөшөө дурсгалыг сүндэрлүүллээ” хэмээв. Мөн тэрбээр “Хэл, соёл, түүхээ дээдэлдэг, түгээн дэлгэрүүлдэг ард түмэн, улс орон өөрийн гэсэн үнэ цэнэтэй, үнэт зүйлтэй байдаг. Хилээ хамгаалж, соёлоо дээдлэх нь энэ улс орны хамгийн үнэ цэнэтэй зүйл. Нийслэл хот 380 жилийн ойгоороо соёлын өвийг хамгаалах, хадгалах, хойч үедээ таниулан мэдүүлэх чиглэлээр анхаарч ажиллана. Энэ ажлын нэг нь өнөөдрийн энэхүү үйл явдал болж байна. Цаашдаа нэрт зохиолч, эрдэмтдийн хөшөө дурсгалыг босгоод зогсохгүй, хийж бүтээсэн өв соёлын ажлууд, эхлүүлсэн үйлсийг нь залуу хойч үедээ сурталчлан таниулах ажлуудыг хийсээр байх болно” гэж онцоллоо.
Ц.Дамдинсүрэн нь Монгол хэлний дүрмийг үндэслэгч, “Монголын нууц товчоо”-г орчин цагийн монгол хэл рүү хөрвүүлэн хэвлүүлсэн, Монгол Улсын Төрийн дууллын үгийг зохиож байсан гээд өнө хожид дуурсах алдартай, нэрт соён гэгээрүүлэгч нэгэн билээ. Нэрт зохиолчийн мэндэлсний 111 жилийн ой энэ онд тохиож буй юм.