Их, дээд болон коллеж, ЕБС, цэцэрлэгийн 2019-2020 оны хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан оюутан, сурагч, хүүхэд багачуудыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сургууль орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор “Хичээлийн шинэ жил” үйл ажиллагааг улсын хэмжээнд явуулж байна.
Энэ хүрээнд Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс энэ сарын 26-наас эхлэн хариуцсан нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг сургуулиудын гадна, дотор хянах камеруудад үзлэг шалгалт хийж эхэллээ. Хянах камеруудын чанар, үзүүлэлтийг сайжруулах, ашигтай тусгалд байрлуулах, хадгалалтын хугацааг нэмэгдүүлэх талаар сургуулиудад зааварчилга өгч, илэрсэн зөрчлүүдийг арилгах арга хэмжээг авч байна.
Уг шалгалтанд тус хэлтсийн хариуцсан 1-9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах МУИС, МУБИС, ШУТИС, АШУҮИС, ХҮИС, Хүмүүнлэгийн ухааны их сургууль болон 1, 2, 31, 6, Үй цай, Сант зэрэг төрийн болон хувийн хэвшлийн томоохон 22 их, дээд сургууль, 24 ерөнхий боловсролын сургуулиуд хамрагдах юм.
Шалгалтыг ирэх сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.