Монгол, Орос, Хятадын Худалдаа, эдийн засгийн 13 дугаар нэгдсэн чуулган өчигдөр Улаанбаатар хотноо “Туушин” зочид буудалд эхэллээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мөн өдөр ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Н.С.Катырин, БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хорооны орлогч дарга Чэньжөү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Хөрш гурван улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхим, бизнес эрхлэгчдийн харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж байгаад талархаж байгаагаа Ерөнхий сайд хэллээ.
Хоёр хөрштэйгээ сайн нөхрийн найрсаг харилцаа, эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл гэдгийг ч тэмдэглэв.
13 дугаар чуулганаар гурван улсын 350 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл, ялангуяа жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид хамтран ажиллах боломж, тулгарч байгаа бэрхшээл, шийдвэрлэх гарц зэргээ ярилцана. Эдгээрийг гурван улсын Засгийн газрын түвшинд хэлэлцэн, бодлогоор дэмжиж хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч С.Н.Катырин хэллээ.
Гурван улсын аж ахуйн нэгжүүдийн харилцаа, хамтын ажиллагааг эхнээсээ дэмжиж ирсэнд БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хорооны орлогч дарга Чэньжөү Ерөнхий сайдад талархал илэрхийлэв. БНХАУ-д саяхан байгуулагдсан “Хятад-Монголын хамтын ажиллагааны нийгэмлэг”-т 150 гаруй аж ахуйн нэгж нэгдсэн байна. Монгол Улсын аж ахуйн нэгжүүд энэ нийгэмлэгтэй холбоо тогтоож, хамтран ажиллах таатай боломж бүрдсэнийг хэлээд цаашид бүс нутгийн хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэхэд анхаарахыг хүслээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гурван улсын хамтын ажиллагааг бүх салбарт хөгжүүлэх хамгийн чухал баримт бичиг нь “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах” хөтөлбөр гэж үзэж байна. Тэрээр энэ хөтөлбөрийн хүрээнд гурван улс хамтран ажиллаж байгаа давуу талаа ашиглан бусад улс оронтой худалдаа, эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх боломжтойг тэмдэглэв.
Монгол, Орос, Хятадын Худалдаа, эдийн засгийн 13 дугаар нэгдсэн чуулганаар Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтарсан төсөл хэрэгжүүлэх, бизнес эрхлэгчдийг холбох, хамтран ажиллахад тулгарч байгаа бэрхшээлийг төр, хувийн хэвшил хэрхэн хамтран шийдвэрлэх зэргийг хэлэлцэж байна.
Мөн уул уурхай, дэд бүтэц, байгаль орчин, ногоон хөгжил, хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, хил гааль, татварын асуудлаар салбар хуралдаан болох юм.
Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар манай улсын нийт худалдааны 80 гаруй хувийг хоёр хөрштэй хийсэн худалдаа эзэлж байна. Тухайлбал ОХУ-тай хийсэн худалдаа 335 сая ам.доллар, БНХАУ-тай хийсэн худалдаа 2.1 тэрбум ам.долларт хүрчээ. Өнгөрсөн оны эхний дөрвөн сартай харьцуулахад ОХУ-тай хийсэн худалдаа 46, БНХАУ-тай хийсэн худалдаа 51 хувиар өсөөд байна.