БНХАУ болон Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, уламжлалт найрсаг харилцааг ахиулах зорилгоор Монгол улсын БСШУСЯ, НЗДТГ, БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яам, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын засгийн газар, Хятадын төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба хамтран “Хятад орныг танин мэдэхүй” соёлын цуврал арга хэмжээг есдүгээр сарын 2-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж байна. Энэхүү цуврал арга хэмжээний нээлт өнөөдөр Монголын уран зургийн галерейд боллоо.
Нээлтийн арга хэмжээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, БНХАУ-ын Коммунист Намын Төв Хорооны Суртал ухуулгын газрын дарга, дэд сайд Жян Жаньгуо, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Намын хорооны Суртал ухуулгын газрын дарга Бай Юйган, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин нар болон хоёр орны хүндэт зочид төлөөлөгчид, үзэсгэлэнг үзэж сонирхохоор ирсэн иргэд, олон нийт оролцов.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан үйл ажиллагааны нээлтэд хэлсэн үгэндээ “Хүрэлцэн ирсэн хүндэт зочид төлөөлөгчид та бүхэндээ хоёр орны найрамдалт харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье. Өнгөрсөн хугацаанд манай хоёр орны найрамдалт харилцаа худалдаа, эдийн засаг, хүмүүнлэг гээд олон салбарт өргөжин хөгжиж ирсэн. Улаанбаатар хот бол БНХАУ-ын Бээжин, Хөх хот зэрэг хотуудтай 1992 оноос хойш хамтын ажиллагаа эгч, дүүгийн харилцаатай хамтран ажиллаж байна. Хотууд жил бүр харилцан соёлын өдрүүдийг зохион байгуулж, ард түмний ёс заншил, өв уламжлал, үүх түүхээ харилцан сурталчилж, танилцуулдаг уламжлал тогтсон. Цаашдаа хоёр орны найрамдалт харилцаа улам өргөжин хөгжихийн ерөөл дэвшүүлээд үзэсгэлэнгийн арга хэмжээнд нь амжилт хүсье” хэмээлээ.
Энэ удаагийн арга хэмжээ нь уран сайхны тоглолт, үзэсгэлэн, ном хэвлэл, уран сайхны кино, олон ангит уран сайхны кино солилцоо, Монгол анагаах ухааны үнэ төлбөргүй оношлогоо, аялал жуулчлалын салбарын танилцуулга, спортын тэмцээн уралдаан зэрэг олон салбарыг хамарч буй юм.
“БНХАУ-ын 70 жил”, “Манай найрамдал”, “Түмэн газрын цайны зам” гэрэл зургийн үзэсгэлэн, “Хятадын хатгамлын урлагийн бүтээлийн үзэсгэлэн”, “Монгол морины урлагийн бүтээлийн үзэсгэлэн” уран зургийн үзэсгэлэн гэсэн таван хэсгээс бүрдсэн нийт 150 гаруй үзмэр дэлгэгдсэн байна.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс