Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний түүхт 60 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан Засгийн газраас “Атар-60” бүтээлч ажлын төлөвлөгөөг баталсан юм. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, "Экспо Монгол" ХХК-тай хамтран газар тариалангийн үйлдвэрлэлд нэвтэрч буй дэвшилтэт техник, технологийг танилцуулах, шинэ ургацын бүтээгдэхүүнийг сурталчлах зорилгоор өнөөдөр, маргааш “Атар-60” газар тариалангийн үзэсгэлэнг нийслэл хотноо зохион байгуулж байна. Нээлтэд ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй төлөөлөгчид тариаланчид, иргэд байлцав.
Нээлтийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Хүнсний аюулгүй байдлын асуудал дэлхийн хэмжээнд яригдаж байгаа энэ цаг үед нийслэлчүүдийг эрүүл, эх орны хөрсөнд тарьж ургуулсан шинэ ургацын жимс ногоо, хүнсний үйлдвэрийн бүтээгдэхүүнээр хямд үнээр хангах, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд хэрэглэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох зорилгын дор энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж байна” гэлээ.
Мөн хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн төлөө зүтгэж, эх орныхоо үржил шимтэй хөрсөнд ургуулсан эрүүл, аюулгүй хүнсний бүтээгдэхүүнийг нийслэлчүүдэд тогтвортой нийлүүлэн ажиллаж байгаа газар тариалан эрхлэгчдийг нийслэлийн удирдлагууд бүрэн дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм. Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний түүхт 60 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан Засгийн газраас “Атар-60” бүтээлч ажлын төлөвлөгөөг баталсан бөгөөд хэрэгжилтийн хүрээнд олон арга хэмжээг зохион байгуулж байна.
Үзэсгэлэнд хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын худалдаа эрхэлдэг 30 гаруй аж ахуйн нэгж, байгууллагууд өөрсдийн бараа бүтээгдэхүүн, үйл ажиллагаагаа танилцуулж өргөнөөр оролцож байгаа юм. Түүнчлэн төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, зөгийн бал үйлдвэрлэдэг 40 орчим иргэн өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ худалдаалж байна. Үзэсгэлэнд ОХУ, БНХАУ, БНВУ зэрэг гадаадын компаниуд оролцож байгаа бөгөөд энэ үеэр иргэд, олон нийтэд хүнсний ногооны зохистой хэрэглээ, агро технологийн талаар зөвлөгөө өгөх аж.
Шинэ ургацын бүтээгдэхүүнээ борлуулахаар үзэсгэлэнд оролцож байгаа тариаланчидтай уулзаж, санал солилцон, эх орны хөрсөнд тарьж ургуулсан шинэ ургацын дээжээс худалдан авлаа.