Бүгд найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера тэргүүтэй төлөөлөгчид энэ өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна.
Айлчлалын бүрэлдэхүүнд ирсэн БНЧУ-ын Худалдаа, эдийн засгийн танхимын төлөөлөгчдийг Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай /2019.09.30/ хүлээн авч уулзлаа. Уулзалтад НЗДТГ-ын Төсөл, хөтөлбөрийн хяналт, зохицуулалтын хэлтэс, Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК, Нийслэлийн Өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт менежмент ХХК-ийн төлөөлөл, Улаанбаатар худалдааны танхимын гишүүд, БНЧУ-ын Худалдаа, эдийн засгийн танхимын Дэд ерөнхийлөгч тэргүүтэй төлөөлөгчид оролцов.
Уулзалтаар нийслэл хотод хэрэгжиж буй томоохон төсөл хөтөлбөрүүд болон цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй зарим төслүүдэд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх ямар нөөц боломж байгаа талаар талууд санал солилцов. Мөн айлчлалын бүрэлдэхүүнээр Монголд ирсэн 16 компанийн төлөөлөл өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулж, энэ үеэрээ “Монгол Улстай худалдаа, эдийн засгийн салбарт хамтран ажиллаж, туршлага солилцох боломжууд бий” гэдгийг онцолж хэлсэн юм.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс