ЭМЯ, Азийн хөгжлийн банкны “Эрүүл мэндийн салбарын хөгжлийн хөтөлбөр 5” төслийн хүрээнд ХӨСҮТ-ийн халдвар хамгааллын дэд бүтцийг бүрэн шийдлээ. Ингэхдээ тус төвийн Төвлөрсөн ариутгалын тасаг болон Нян судлалын лабораторийн барилгыг иж бүрэн засаж, агааржуулах нэгдсэн систем суурилуулан, интернэт, цахилгаан, дулааны холболтуудыг нь шинэчилж, дохиололтой болгожээ. Түүнчлэн тус хоёр тасгийн тоног төхөөрөмжүүдийн хүчин чадлыг сайжруулснаас гадна эмч, лаборантуудыг мэс заслын багаж, хэрэгслийг ариутгаж, халдваргүйжүүлэх горим, халдвараас өөрийгөө хэрхэн урьдчилан сэргийлэхэд сургасан байна.
ХӨСҮТ-д уг төслийг хэрэгжүүлснээр эмнэлгийн багаж, хэрэгслийн ариутгал сайжирч, нян судлалын лабораторийн тусламж, үйлчилгээний чанар дээшлэн, эрүүл ахуй, аюулгүй байдал, халдвар, хамгаалал нь орчин үеийн стандарт хангалаа. Тодруулбал, Төвлөрсөн ариутгалын тасаг, Нян судлалын лабораторийн өрөө, тасалгаанууд нь вакум, ариутгаж, халдваргүйжүүлэх процессууд бүрэн автомат, нэг урсгалтай байхаар зохион байгуулсан нь эрүүл мэндийн салбарт жишиг болсныг албаныхан онцолсон юм.