Хүүхэд зодуулж шийтгүүлснээрээ сайн хүн болдоггүй. Харин ч дахиж зодуулах вий гэсэн аймхай, хулчгар, өөртөө итгэлгүй хүн болж өөрчлөгддөг. Эсвэл аливааг хүчээр шийдэх хандлагатай, түрэмгий догшин болж хувирдаг. Цаашлаад сурах чадвар нь муудах, өсвөр насандаа архи тамхи, мансууруулдаг бодис донтох хандлагатай болдог гэдгийг сэтгэл зүйчид олон тооны судалгаагаар нотолсон байна. Хүүхдийг хүчирхийллээс хамгаалах хамгийн оновчтой арга нь түүнээс урьдчилан сэргийлэх нөлөөлөл сурталчилгааны ажлыг хийж, хүүхдийг зодож шийтгэх, хүчирхийлэхийн хор уршгийг нийгэмд таниулах явдал юм.
Тиймээс Монгол дахь Хүүхдийг Ивээх Сан 2006 оноос хойш “Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох өдөр”-ийг жил бүр санаачлан төр болон төрийн бус, олон улсын байгууллагуудтай хамтран тэмдэглэж байна.
Энэ онд Хүүхдийг Ивээх Сангаас “Хүүхдэдээ Бахархан Дуурайх Аав, Ээж нь Байя!” уриан дор Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, МУБИС-ийн Сайн дурын үйл ажиллагааны төв, ерөнхий боловсролын 23 дугаар дунд сургуультай хамтран эцэг эхчүүд, олон нийтэд хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаар мэдлэг, мэдээлэл түгээх, тэдний хандлагыг өөрчлөхөд чиглэсэн хүүхэд хамгаалал, хөгжил, эрүүл мэндийн сэдвүүдээр мэргэжлийн зөвлөх үйлчилгээг хамтрагч байгууллагуудын хамт үнэ төлбөргүй үзүүллээ. Эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч, хамаатан садан, багш сурган хүмүүжүүлэгч нь хүүхдийг өсгөн хүмүүжүүлэх, боловсрол олгох, асран хамгаалахдаа хүчирхийллээс ангид хүмүүжлийн арга хэрэглэнэ гэж Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хууль, 5.4 дүгээр зүйлд заасан байдаг. Хүмүүжлийн эерэг арга гэдэг нь хүүхдийг хэт дураар нь байлгах, хүссэн бүхнийг нь гүйцэлдүүлэх, эсвэл түүнд хэмжээ хязгаар тогтоохгүй, шаардлага тавьдаггүй байлгана гэж ойлгож болохгүй. Харин хүүхдээ ямар хүн болгохыг хүсч байгаагаа тунгаан бодож урамшуулан дэмжих, хүүхдийнхээ бусад хүүхдээс ялгарах онцлог ялгааг ойлгож харилцах, хүүхдэдээ элэгсэг дотно сэтгэлээр хандаж, аливааг тайлбарлан таниулах арга юм. Хүүхэд таныг харж суралцдаг, сонсож хүмүүждэг, ажиглан дуурайдаг учраас хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудыг өдөр тутам хэрэглэхийг уриалсан.
Өдөрлөг 2019 оны 04 сарын 30 өдөр 13-15 цагийн хооронд Б.Явуухулангын цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдсан бөгөөд өдөрлөгийн үеэр хүүхдийн чиглэлээр ажилладаг, гэр бүл, хүүхэдтэй ажилладаг 21 зөвлөх хүүхдийн нас насны онцлог, хүүхэдтэйгээ харилцахад тулгарч буй асуудал, сайн аав, сайн ээж байх зөвлөгөө, бэлгийн бойжилт, тусгай хэрэгцээтэй хүүхдээ дэмжих тухай, мөн ухаалаг утас дэлгэцнээс хүүхдээ холдуулах, хүүхдээ номонд дурлуулах, гэрийн даалгавраа хийхэд нь туслах, санхүүгийн мэдлэг боловсролтой зэрэг бодит амьдралд үргэлж тулгардаг нэн чухал 21 сэдвээр эцэг эхчүүдэд зөвлөгөө мэдээлэл өглөө.
Мөн нийгэмшүүлэх циркийн сургалтын аргазүй, техникүүдийг хүүхэд болон насанд хүрэгчдэд заах сургалт, МУБИС-ийн Сайн дурын үйл ажиллагааны төвийн залуучуудын Флаш моб зэрэг үйл ажиллагаанууд боллоо.