Нийгмийн тогтолцооны хамгийн чухал хэсэг болсон гэр бүлийг тойрсон салалт, архидалт, гэр бүлийн хүчирхийлэл гэсэн асуудлууд ихсэж үүнээс улбаалан хүүхдийн энэхүү язгуур эрхийг зөрчих явдал ихсэх хандлагатай болсон.
Тиймээс МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачлагаар Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн ерөнхий газар, Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан, Дэлхийн Зөн Монгол ОУБ хамтран “ЗӨВ ТУСГАЛ” нэг сарын хөдөлгөөнийг эхлүүлээд байгаа билээ.
Хүүхдийн эрхийг хамгаалах, аливаа эрсдэлээс сэргийлэх, хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэх ёс суртахууныг гэр бүлд нь төлөвшүүлэхэд олон нийтийг соён гэгээрүүлэх, эцэг эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн хүмүүжил төлөвшилд сөргөөр нөлөөлж буй шалтгаан нөхцөлийг арилгах зорилготой улс даяар өрнөж буй энэхүү хөдөлгөөний хүрээнд өнөөдөр ъОЛОН УЛСЫН ГЭР БҮЛИЙН ӨДӨРъ-ийг тохиолдуулан ъГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭъ зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Уг зөвлөгөөнийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлсэн бол Дэлхийн зөн Монгол ОУБ-ын суурин төлөөлөгч Филипп Ийвэрт, ХНХ-ийн сайд С.Чинзориг нар үг хэлж, цагдаа, эцэг эх, хүүхдийн төлөөллүүд гэр бүлийн өмнө тулгарч байгаа асуудлуудын талаар илтгэл тавьсан юм.
Зөвлөгөөнийг нээж Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлэв.
Зөвлөгөөнд оролцогчид, зочид Та бүхний өглөөний амгаланг айлтгая.
Нийгмийн суурь, үндэстний уг сурвалж болсон гэр бүл, түүнийг тойрсон тулгамдсан асуудлын талаар зөвлөлдөн хэлэлцэж, санал шийдлээ ярьж байгаад талархаж байна.
Айл гэрийн амьдрал бүрэн бүтэн, төвшин байвал хүүхдүүд жаргалтай, эцэг эхчүүд баяртай, улс амгалан, төр төвшин байх учиртай. Харамсалтай нь гэр бүл бүрд амар амгалан оршихгүй байна. Гэр бүл дэх хүчирхийллийн улмаас мянга мянган хүүхэд нүдэндээ доголон нулимстай, сэтгэлдээ дүүрэн гунигтай гундуухан явна.
Сүүлийн гурван жилийн байдлаар гэхэд 3000 гаруй хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 5000 гаруй хүүхэд гэмт хэрэгт өртөж, хохирсон байна. Хүүхдүүд ихэвчлэн зодоон, танхай, хулгай, залилан, дээрэм зэрэг гэмт хэргийг үйлдэх буюу хохирогч болж байгаагийн дийлэнх нь 16-18 насных байна.
Цагдаагийн байгууллага хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, бууруулах чиглэлээр олон ажил, арга хэмжээг тогтмол зохион байгуулж байгаа ч хангалттай нь үр дүнд хүрэхгүй, хүч дутаж байгаа байдал анзаарагддаг. Энд төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа дутагдалтай байна.
“ЗӨВ ТУСГАЛ” хөдөлгөөнийг сарын хугацаатайгаар улсын хэмжээнд эхлүүлж байгааг надад мөн илтгэсэн. Хүүхдийн эрхийг хамгаалах, аливаа эрсдэлээс сэргийлэх, эерэг аргаар хүмүүжүүлэх, зөв ёс суртахууныг гэр бүлд нь төлөвшүүлэх, гэр бүлийн боловсрол олгоход олон нийтийг соён гэгээрүүлэх, эцэг эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн хүмүүжил төлөвшилд сөргөөр нөлөөлж байгаа шалтгаан нөхцөлийг арилгах зорилго агуулсан хөдөлгөөн зохион байгуулагдаж байгаа юм байна. Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан, “Дэлхийн зөн” олон улсын байгууллага хамтран ажиллаж байгаагийн нэг илрэл нь“ЗӨВ ТУСГАЛ” хөдөлгөөн бөгөөд иргэн бүрийг дэмжиж, хамтран ажиллахыг уриалж байна.
Гэр бүл, хүүхдийг гэмт хэргээс ангид байлгахад иргэн бүрийн оролцоо маш чухал. Учир нь цагдаа, төрийн болон төрийн бус байгууллагын ажилтнуудаас хүүхдэд илүү ойр, илүү шуурхай, илүү дотно, илүү сэрэмжтэй байж чадах нь иргэд гэдгийг цохон тэмдэглэе. Иргэн бүр дэргэдээ байгаа, ойр орчимдоо байгаа хүүхдүүдийн аюулгүй байдлыг анзаарч эрсдэлээс сэргийлж чадвал гэр бүл, хүүхэдтэй холбоотой гэмт хэргийн гаралтыг эрс бууруулж чадна.
“Гэр бүлийн үнэ цэн” зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүсье.” гэлээ.
Тус зөвлөгөөн нь хүүхдийн эрхийг хамгаалах, аливаа эрсдэлээс сэргийлэх, эерэг аргаар хүмүүжүүлэх, ёс суртахууныг гэр бүлд төлөвшүүлэх, гэр бүлийн боловсрол олгох чиглэлээр олон нийтийг соён гэгээрүүлэх, эцэг эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн хүмүүжил төлөвшилд сөргөөр нөлөөлж байгаа шалтгаан нөхцөлийг арилгахад чиглэж байна гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.
Тус зөвлөгөөнд нийслэлийн 6 дүүргийн 700 гаруй иргэн мөн бусад албаны хүмүүс оролцлоо.