УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад хоёр жилийн хорих ял оноолоо

Нийслэлийн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал 14.30 цагаас эхэлж, 22.30 цаг хүртэл үргэлжилж, шүүх шийдвэрээ гаргажээ. Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд холбогдох эхний хэрэгт 1 жил 4 сар, хоёр дахь хэрэгт 8 сар нийт хоёр жилийн хорих ял оноов. Шүүх хуралдаанд шүүгчээр С.Базарханд, хохирогч Ч.Н, Э.А нар ѳмгѳѳлѳгч Б.Мэргэн нарын хамтаар оролцож байгаа бол шүүгдэгч талаас Д.Гантулга болон түүний ѳмгѳѳлѳгч Б.Батбаатар, Ж.Барсбаяр нар оролцсон. Хэргийн талаар эргэн сануулахад, УИХ-ын гишүүн асан Д.Гантулга хоёр ч удаа хүчингийн хэрэгт холбогдсон байдаг. Д.Гантулга 2017 оны зургадугаар сард 25 настай эмэгтэйг хүчиндсэн хэрэгт холбогдон, УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзах хүсэлтээ гаргасан бол 2018 оны арваннэгдүгээр сарын 27-нд өөр нэгэн эмэгтэй гишүүн асан Д.Гантулга өөрийг нь хүчирхийлэхийг завдсан хэмээн хуулийн байгууллагад хандсан байдаг юм.