МУИС, ХААИС, ШУТИС, МУБИС-д байгаль орчны чиглэлээр мэргэжил эзэмшиж буй 3.2-оос дээш голчтой III дамжааны 20 оюутанд тус бүр нэг сая төгрөгийн батламж гардууллаа.
Энэ талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хэлэхдээ “Та бүхний суралцаж байгаа мэргэжил бол ирээдүй хойч үедээ байгаль орчны боловсрол олгох, байгаль эх дэлхийгээ хамгаалах зөв дадлыг төлөвшүүлэх ач холбогдолтой. Та бүхнийг олон улсын хурал, зөвлөгөөнд хамруулах ажлыг цаашид яамнаас зохион байгуулна. Сүүлийн үед олон нийт мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсохоо байсан энэ цаг үед та бүхэн үнэ цэнтэй мэргэжилтнүүд болж байгаль орчны салбарт өөрсдийн дуу хоолой, үзэл бодлоо илэрхийлээсэй гэж хүсэж байна” гэв.
Тэтгэлэг гардсан оюутнууд талархлаа илэрхийлээд мэргэжлээрээ олон улсад өрсөлдөхүйц хэмжээний, улс эх орондоо хэрэгтэй хүн болж төлөвшихөө энэ үеэр илэрхийлж байсан юм.
БОАЖЯ-наас “Хандлагаа өөрчилье” багц ажлын хүрээнд ЕБС-иудын ахлах ангийн сурагчдын дунд байгаль орчны боловсрол олгох “Ногоон паспорт” аяныг зохион байгуулж, 21 аймаг, нийслэлийн шилдэг 22 сурагч Бээжин хотын ногоон бодлоготой танилцжээ. Мөн шилдэг 10 сурагч БНСУ-ын Сөүл хотноо болсон “Ногоон долоо хоног” олон улсын хуралд оролцож, Ногоон паспорт аяныг танилцуулсан байна. НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг залуучуудын чуулга уулзалтад МУИС-ийн харьяа Байгаль эх лицей сургуулийн сурагч оролцож, Ногоон паспорт аяныг танилцуулж, Монголын сурагчид уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хэрхэн тэмцэж байгаа талаар дуу хоолойгоо хүргэжээ.