УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй уулзаж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар байр суурийг нь сонирхсон юм.
-УИХ-ын үнэмлэхүй олонхыг бүрдүүлсэн МАН өөрийн эрхийн хүрээнд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталж байна. Гэвч Үндсэн хууль гэдэг бол аль нэг намын ашиг хонжоо хардаг, улс төрийн хөзөр биш. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн бүхий л харилцааг зохицуулдаг хамгийн дээд бичиг баримт. Хэн дуртай нь үүнд хүрээд байдаг зүйл биш. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж эхлэхээсээ л хууль зөрчсөн. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг удаа, дараа зөрчлөө. Үйл ажиллагааны маш олон алдаа гаргалаа. Ингэж хууль зөрчин байж хийсэн нэмэлт, өөрчлөлт нь ард түмний амьдрал, улс орны хөгжил, эдийн засгийг сайжруулахад ямар нөлөө үр нөлөө үзүүлэх юм бэ. Энэ нь улс орны хөгжилд хэрэг болно гэсэн өөрчлөлт орж чадсангүй. Гэрэлтэй, гэгээтэй гэж бодож байсан ганц, нэг заалтууд нь хасагдсан.
МАН Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт орууллаа гэсэн нэр зүүх гэж, улс төрийн хожоо олох алхам боллоо. Өнөөгийн МАН 2000 онд мөн олонхоор хүч түрж Үндсэн хуульд халдсан. Тэгээд дордуулсан долоон өөрчлөлтийг оруулсан. Гэтэл энэ дордуулсан долоон өөрчлөлтөө засч янзлаагүй л байна. Энэ алдаагаа засах, нийгэм эдийн засагт маш олон өөрчлөлт авч ирэх байх гэж хүлээж байлаа. Жишээ нь Монгол Улсын Засаг захиргааны нэгж түүний удирдлагын тухай хуульд маш олон өөрчлөлт хүлээгдэж байсан. Манай улсын хүн амын 60 орчим хувь нь нийслэлд амьдарч байна. Гэтэл энэ нийслэл нь аймгийн статустай байж байна. Мөн 300 мянган хүн амтай дүүрэг 30 мянган аймагтай нэг статустай байна. 20,30 мянган хүн амтай хороо 200, 300 хүн амтай багтай нэг статустай байгаа. Иймд эрх зүйн хувьд зохицуулалт хийх нийгэм эдийн засгийн үр өгөөжийг нь харвал өөрчлөх ёстой маш олон асуудал байсан.
Харамсалтай нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр энэ асуудал яригдсангүй. Тэгэхээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөс энэ ач холбогдолтой гээд сугалаад хэлчих зүйл харагдахгүй байна. Ийм байдлаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийсэн нь харамсалтай. Эрх баригч МАН 2016 онд дэвшүүлсэн амлалтаасаа нэгийг нь ч биелүүлээгүй. Тиймээс сонгогчдын өмнө ядаж Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан гэдэг үг хэлэхийн тулд уг өөрчлөлтийг хүчээр хийлээ гэж харж байгаа. Ардчилсан намын оруулсан санал бүгд унасан. Дээр нь улс төрийн тогтворгүй нөхцөл байдал үүсгээд байгаа хууль эрх зүйн алдаатай, цоорхойтой асуудлыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр засах ёстой байсан. Мөн нийгэм эдийн засгийн хөгжилд цоож цуурга болсон засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн зохицуулалтаас өгсүүлээд маш олон асуудлыг өөрчлөх ёстой байсан. Тэгэхээр шилжилтийн үеийн Үндсэн хуулийн заалтууд бараг бүгдээрээ үлдчихлээ. Иймд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар яригдах асуудлууд хэвээр үлдлээ гэж бодож байна.
Зарим нэг хуульч найман жилийн хугацаанд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж болохгүй гэдэг. Энэ бол хууль зүйн үндэслэлгүй яриа. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд ийм заалт бий. Гэвч энэ хууль Үндсэн хууль биш. Үндсэн хуулийг дагаж гарсан органик хууль. Тэгэхээр уг хуульд дараагийн парламент өөрчлөлт оруулаад Үндсэн хууль дахиад нэмэлт өөрчлөлт оруулах боломжтой гэсэг үг. Тэгэхээр ард түмний хүсэн хүлээгээд байгаа өөрчлөлтийг маш өндөр түвшинд боловсруулж, иргэдийн саналыг авч улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог хангасан зөвшилцлийн дээд бичиг болгох асуудал нээлттэй үлдлээ гэж харж байна.