Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар Дэлхийн зөн-Монгол олон улсын байгууллага болон Хүчирхийллийн эсрэг үндэсний төвтэй хамтран нийслэлийн хэмжээнд хүүхэд, гэр бүлийн хүрээнд үйлчилгээ үзүүлдэг сэтгэлзүйчдэд зориулсан сургалтыг энэ сарын 19, 20-нд зохион байгуулна. Хүүхэд, гэр бүл хамгааллын үйлчилгээний гол үндэс болсон сэтгэлзүйчдэд зориулсан чадавхижуулах сургалтыг тус газар нь жил бүр зохион байгуулдаг.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2016 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр шинэчлэн батлагдаж, 2017 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Энэхүү хуулийн 38 дугаар зүйлд хохирогчид сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх талаар тусгагдсаны дагуу Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2017 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн А/74 тоот тушаалаар “Сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх журам” батлагдан гарсан.
Мөн нийслэлийн хэмжээнд хүүхэд, гэр бүлтэй ажилладаг сэтгэл зүйчдийн “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”, “Сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх журам” болон холбогдох бусад журмыг баримтлан хохирогч, гэр бүлийн гишүүд, хүүхдэд сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх, хуулиар үүрэг хүлээсэн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах мэдлэг нэмэгдүүлэх, ур чадварыг сайжруулах сургалт зохион байгуулах шаардлагатай тул энэ удаагийн сургалтыг зохион байгуулж байгаа болно. Уг сургалтад 9 дүүргийн Гэр бүл , хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 32 халамжийн төвийн болон хүүхдийн тусламжийн 108 утасны сэтгэлзүйчид хамрагдах юм.
Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн сэтгэл зүйчдийн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, журмыг баримтлан хохирогчдод хүний эрхэд суурилсан, ёс зүйтэй сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээг үзүүлэх чадавхийг бэхжүүлэх зорилгоор уг сургалтыг зохион байгуулж байна.