Г.Занданшатар: Эрдэм мэдлэг, ёс зүйтэй хүн төрийн албанд ажиллах ёстой

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЁС ЗҮЙ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХДОО ХЭЛСЭН ҮГ

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг энэ оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр нотлон баталгаажуулж, 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрөөс улс орон даяар дагаж мөрдөнө. Энэ нэмэлт, өөрчлөлт гурван үндсэн асуудлыг өөрчлөхөд чиглэсэн гэж болно.

Нэгдүгээрт, Монголын төр, “төр” шиг байх. Уламжлал болон орчин үеийн дэлхий нийтийн чиг хандлагыг хослуулсан өөрчлөлт, шинэчлэлийн эхлэлийг тавьсан.

Хоёрдугаарт, Монгол хүн байгалийн баялагтаа эзэн болж, баялгийн үр өгөөжийг ард иргэд тэгш хүртэх боломжийг бүрдүүлсэн.

Гуравдугаарт, дээрх хоёр өөрчлөлт, шинэчлэлийн үр дүнд Монгол хүнийг сайхан амьдруулах, иргэн төвтэй төрийн үйлчилгээтэй болж, Монгол Улсын хөгжлийг хурдасгахад чиглэж байгаа.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэрэгжихтэй холбогдуулаад 30 гаруй хууль, тогтоомжид өөрчлөлт орох шаардлагатай. Өнөөдөр Та бүхэнтэй уулзаж байгаа гол зорилго бол төрийн албаны шинэчлэлтэй холбоотой асуудал юм.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт тунхаг, нийгмийн зөвшилцлийн гэрээ төдий биш. Үүнийг бид хэлбэрэлтгүй дагаж мөрдөж, өөрчлөлт, шинэчлэлтийг ард иргэдийн амьдралд хүргэх учиртай.

Монголын төр “Төр” шиг байхын үндэс нь төрийн алба шударга, ёс зүйтэй, сахилга хариуцлагатай, тогтвортой, мэргэшсэн чадварлаг байхад чиглэгдэнэ. Үүнд хоёр зүйлийг онцолж хэлэхийг хүсэж байна.

Монгол төрт ёсны уламжлал 2000 гаруй жилийн түүхтэй. Уламжлал, шинэчлэл дээр тулгуурласан төрийн албаны шинэчлэлийг хот, хөдөөгийн төрийн бүх байгууллага дээр хэлбэрэлтгүй томоохон реформыг хийх шаардлагыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт шаардаж байгаа.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд төрийн алба төрлийн алба болж, улс төрийн шалтгаанаар халаа сэлгээ хийдэг, авлига хээл хахуульд идэгдсэн гэх шүүмжлэл байнга дагуулах болсон. Үүнээс улбаалаад төрийн албан хаагчдыг үндсэндээ таван хэсэгт ангилж болохоор болжээ.

  1. Зомби буюу “амьд үхдэл”. Манай төрийн албаныхны судалгааны дүнгээр гарсан байгаа. Төрийн албанд гавьяа ч байгуулдаггүй, гай ч тарьдаггүй хэсэг хүмүүс бий болсон.
  2. Хорлон сүйтгэгчид. Төрийн албаны зөвлөлийн хяналт шалгалтын асуудал хариуцсан гишүүдийн хэлснээр 2018 онд 810 сая төгрөгийн хохирол төрд учруулсан байна. Саяхан Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс төрийн албан хаагчид авлигаас болж 2 их наяд төгрөгийн хохирол учруулсан талаар мэдээлсэн. Хувийн болон албан тушаалын ашиг сонирхлоор улс орны хөгжлийг хойш нь чангаагч ийм нэг хэсэг төрийн албанд байна.
  3. Муу гүйцэтгэгчид. Ажлыг хийдэг боловч хагас дутуу, чанаргүй, сэтгэлгүй хийдэг.
  4. Сайн гүйцэтгэгчид. Үнэн хэрэгтээ өгсөн үүрэг даалгавар, ажлыг сэтгэлээсээ, чанартай, бодитой хэрэгжүүлдэг сайн гүйцэтгэгчид бага хувийг эзэлж байна.
  5. Ялагчид. Маш бага хувийг эзэлдэг.

Зомби болон хорлон сүйтгэгчид их байх тусам улс орон, байгууллага, ажил сүйтгэгдэж, нурдаг. Ялагч нар аливаа ажлыг сэтгэл гаргаж, санаачилгатай ажилладаг. Тэд зөвхөн өгсөн үүрэг даалгаврыг сайн гүйцэтгэх бус шинийг эрэлхийлж, өөрийн санаачилгаар төр улсынхаа төлөө зүтгэдэг.

Төрийн албаны шинэчлэлийн гол зорилго бол төрийн албан хаагчид, удирдлагуудыг дээр, дооргүй “ялагч” байлгах юм. Үүнийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр ч шаардаж байгаа.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцсэн таван сарын хугацаанд уламжлалыг чухалд авч үзсэн. Хан төрийн долоон эрдэнийн хамгийн чухал “Түшмэл” эрдэнэ байдаг. Эзэн Богд Чингис хаан ч төрийн түшээдээ сонгож томилохдоо ах дүү, ураг төрлөө гэхээсээ илүүтэй үнэнч шударга, чинхүү сэтгэлтэй шадаруудаасаа сонгож, дэлхийн талыг эзэлсэн түүхтэй.

1923 оны Ардын засгийн Түр дүрэмт ч энэ уламжлалыг харгалзан үзсэн. Нутгийн захиргааны дүрэмд төрийн албан хаагчдад арван гэрийн даргаас эхлээд улсын засгийн тэргүүн хүртэл сонгосон, томилогдсон бүх төрийн албан хаагчдад дөрвөн зүйлийн шаардлага тавигдсан байдаг. Тодруулбал,

  • Баячууд, эрх мэдэлтнүүдэд “нүүрчлэхгүй” байх. Ямбатнуудын нүүрийг хараад тал засдаг, ялгаварлан гадуурхахгүй байна гэсэн үг.
  • Ховдог шунахай байхыг хориглосон.
  • Өөрийн хариуцсан хэрэг явдлыг магадаар бүтээж чадах.
  • Бичиг үсэгт боловсронгуй байх талаар заасан байдаг.

Энэ нь Азийн төрт ёсны уламжлалд ч шингэсэн бөгөөд Япон, Солонгос, Сингапур, Хятад зэрэг улсуудын хөгжлийн нууц нь төрийн алба, түшмэл эрдэнийг дээдлэх зарчимд байдаг. Тухайлбал, БНХАУ-д төрийн албанд орох хүн Күнзийн ёс зүйн номыг цээжээрээ мэддэг байх жишээтэй. Үүгээрээ ёс зүйн өндөр түвшинд байгаагаа нотолдог. Япон, Солонгост тухайн айлын хамгийн чадвартай нэг хүүхдээ төрийн албанд бэлтгэдэг. НҮБ-ын хөгжлийн судалгаагаар Азийн бар улсуудын хөгжлийн нэг гол нууц нь төрийн тогтвортой, чадварлаг албандаа байна гэж дүгнэсэн. Японы Төлөвлөөний комисс буюу Олон улсын худалдаа, эдийн засаг, үйлдвэрлэлийн яам 59 жилийн турш нэр болон дотоод бүтэц, орон тоогоо өөрчлөөгүй ирсэн байдаг. Хамгийн шилдгүүдийг авч ажиллуулдаг учраас “тархины ангуучид” гэж нэрлэгддэг. Ийм бодлого явуулсны хүчинд Япон улс дэлхийн хүчирхэг, өндөр хөгжилтэй улсын нэг болж чадсан.

Энэ мэтчилэн Монголын болон Азийн төрт ёсны уламжлалаа дагах хэрэгтэй. Төрийн албаны шалгаруулалтыг хийхдээ танил тал, улс төрийн нам, харьяалалгүйгээр, нүүрчлэхгүй, авлигажихгүйгээр ёс зүйн өндөр шаардлагатай, боловсролтой, чадвартай хүнийг авдаг байдлыг Төрийн албаны зөвлөл, цаашлаад төрийн бүх байгууллагууд хэрэгжүүлж чадвал Монгол Улс хөгжинө.

Түүнчлэн дэлхий нийтийн чиг хандлага эрс өөрчлөгдөж байна. Өнөөдөр байгаа төрийн албаны боловсон хүчний 50 хувийг цомхотгох боломжийг хиймэл оюун ухаан, icloud, их өгөгдөл, эд юмсын интернет олгож байна. Дэлхийн эдийн засгийн форум, Бостон консалтинг судалгааны байгууллагуудын дүгнэлтээр АНУ, Англи, Япон зэрэг улсад ойрын 20 жилд хиймэл оюун ухааны тусламжтайгаар нийт ажлын байрны 50 хувийг орлоно гэсэн байна. Одоо нэвтрээд эхэлсэн байгаа төрийн албаны icloud систем буюу хамгийн чадвартай хүмүүсийг онлайнаар ажиллуулдаг болсон. Интернет онлайн орчинд гэрээсээ бие бус байдлаар ажил үүргээ гүйцэтгэх нь цаг хугацаа, зардал хэмнэх бололцоотой болж байгаа юм.

Иймд Төрийн албаны зөвлөл болон төрийн байгууллагуудын дараагийн нэг том зорилт нь дижитал өөрчлөлт байх ёстой.

Эстони улсад л гэхэд тендер, тусгай зөвшөөрлийн эрхийг интернетээр олгож, хоёр минутын дотор паспорт олгодог болсон. Гүржид төрийн бүх үйлчилгээг 10 минутын дотор нэг дороос авч байна. Төрийн хүнд сурталтай холбоотой бүх асуудлыг backoffice буюу арын албандаа төвлөрүүлээд иргэн төвтэй онлайн төрийн үйлчилгээг нэвтрүүлэх боломжтой. Төрийн бүх байгууллагууд ийм стандартыг нэгдсэн байдлаар хийх хэрэгтэй.

Энэ бүх реформыг хийхийн тулд Төрийн албаны зөвлөл сонгон шалгаруулалт хийдэг тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэй. Шалгалтын даалгаврыг эрдэмтэн судлаачдаар орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлж шинэчлэн боловсруулах шаардлагатай. Сонгон шалгаруулалтын даалгаварт хэн ч тааварлахгүй асуултууд байдаг талаар шүүмжлэл гардаг. Байгаль орчны чиглэлийн байгууллагад ажиллахгүй хүнд “Монгол Улс хэдэн гол, мөрөнтэй вэ?” гэдэг асуулт асуудаг. Харин ёс зүйн дүрэм, , жендэрийн тэгш байдал, ажил албаны сахилга хариуцлагын талаарх баримт бичгийг сайн судлуулж, шалгаруулалтын голлох даалгавар болгох ёстой.

Энэ бүхэнтэй уялдуулаад Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төслийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа Удирдлагын академи, Төрийн албаны зөвлөлтэй хамтран сүүлийн гурван жилийн турш хамтран боловсруулсан. Өнөөдөр Та бүхнээр хэлэлцүүлж байна.

Япон, Герман, Солонгос зэрэг улсын Төрийн албаны тухай хуулиудад төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлыг хэрхэн тусгасныг судалсан. Тус улсуудад ёс зүйг хуульчилсан учраас ёс зүйн зөрчил гаргасан бол нэмэгдэл, урамшууллыг нь олгохгүй болохоос эхлүүлээд нарийвчилсан зохицуулалтыг оруулсан байна.

Энэ хуулийг ирэх долоо хоногоос УИХ-аар хэлэлцэж эхэлнэ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж хийгдэх хууль эрх зүйн хувьсгал, өөрчлөлтийг хийнэ. Энэ хүрээнд Төрийн албаны тухай, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Шүүхийн тухай зэрэг хуулиудад нэн тэргүүнд өөрчлөлт орно.

Хууль эрх зүйн өөрчлөлтүүдээр төрийн албанд “ирлээ, явлаа” гэдэг хоноцын сэтгэлээр ханддаг байдлыг таслан зогсооно. Иймд төрийн албан хаагч тогтвортой ажиллана. Энэ сэтгэлгээний өөрчлөлтийг хийж чадвал Монгол Улсад авлига хээл хахууль арилж, төрт ёсонд шинэчлэл авчирна.

Өнөөдрийн хэлж ярьсан бүгд энгийн нэг тунхаг, мэдэгдэл төдий зүйл биш гэдгийг дахин хэлье. Энэ бол Та бүгдэд тавьж буй албан ажлын шаардлага. Төрийн албан хаагчид,

  • ард түмэндээ үйлчлэх,
  • мэргэшсэн, тогтвортой байх;
  • улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаанаас ангид байх;
  • Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах;
  • төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах;
  • ил тод байх;
  • ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх;
  • захирах, захирагдах ёсыг баримтлах.

зэрэг зарчмууд дээр үндэслэн томилогдож байхыг Төрийн албаны тухай хуульд нарийвчлан заасан. Хууль журмаа чандлан сахиж, төрийн албаны үйл хэргийг тууштай хэрэгжүүлэхийг Төрийн албаны зөвлөл, төрийн нийт байгууллагууд түүний дотор хууль эрх зүйн асуудал хариуцсан нэгжүүдийн удирдлагуудад үүрэг чиглэл болгож байна.

Үүнээс цааш Монголын төрд хоноцын сэтгэлээр ханддаг зомби, хорлон сүйтгэгч нар гишгэх газар байхгүй.

Монгол Улсын хөгжлийн шинэ 30 жилийн түүх эхэлж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт бол хууль эрх зүйн хувьсгал өөрчлөлтийг хийхийг тулд чиглэсэн гэдгийг дахин сануулъя.

Төрийн албаны зөвлөл төрийн албаны шинэчлэлийг тууштай, хариуцлагатай, зарчимтай, ил тод хэрэгжүүлэхийг үүрэг, чиглэл болгож байна.

Өнөөдрийн хэлэлцүүлгээр гарсан саналуудыг нэгтгээд ирэх долоо хоногоос УИХ-аар Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлнэ. Энэ бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт бодитой хэрэгжиж эхэлсэн эхний алхам болно.

Та бүхний ажилд амжилт хүсье.

Төр төвшин, түмэн олон амгалан байх, Монголын ард түмний төрдөө итгэх итгэл сэргэж баталгаажих нь төрийн албан хаагчдаас хамаарна гэдгийг хатуу чанд санаж байхыг хүсье.