Гэр бүлийн тухай хуулийн төслийг танилцуулах хэлэлцүүлэг боллоо

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хамтран зохион байгуулсан Гэр бүлийн тухай хуулийн төслийг танилцуулах хэлэлцүүлэг өнөөдөр  Төрийн ордонд боллоо.

Хэлэлцүүлгийг нээж Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол хэлсэн үгэндээ “Гэр бүлийн асуудал нэг талаасаа хувь хүмүүсийн хичээл зүтгэлээс хамаарах боловч нөгөө талаасаа төрийн бодлого хайр халамж, анхаарлынх нь төвд байх ёстой чухал асуудал. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлд гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална гэж заасны дагуу гэр бүлийн гишүүдийн эрх ашиг, сонирхол, харилцаа, хөгжил хамгааллыг төрөөс хамгаалан ажиллаж байгаа. Монгол Улсын Засгийн газраас Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан Улсын Их Хуралд 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн” гэлээ.

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд оролцов.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын институтийн захирал М.Алтансүх “Монголын гэр бүлийн харилцааны хэв шинж, өөрчлөлт судалгаа” сэдэвт илтгэл танилцууллаа. Өнөөгийн гэр бүлийн бүтэц, хэв маягт дан гэр бүл буюу эхнэр, нөхөр, үр хүүхдийн хамт амьдардаг хэлбэр давамгайлж байгаа аж. Гэхдээ нийгмийн харилцаа, эдийн засгийн нөлөөллөөс үүдэлтэй нийлмэл гэр бүлийн бүтэц тодорхой хувийг бүрдүүлсэн хэвээр байгааг илтгэлд дурдсан. Иймд гэр бүлийн гишүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, улмаар өрхийн орлого нэмэгдүүлэхэд төр засгаас анхаарал хандуулах нэн шаардлагатай байгаа гэв. Өрхийн орлогыг нэмэгдүүлэх олон талт ажлыг зохион байгуулахгүй бол оюуны хэрэгцээ буюу сурч хөгжих, үр хүүхдэдээ анхаарах нөхцөл бүрдэхгүй гэдгийг судалгааны дүнгээс харж болох аж. Гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах, гэр бүлийн амьдралын сөрөг асуудлыг багасгахад тэдний анхдагч хэрэгцээгээ хангахад дэмжлэг үзүүлэх асуудал нэн тулгамдсан асуудал болжээ.

Судалгаанд хамрагдсан гэр бүлийн 13.5 хувь нь хамтран амьдардаг бөгөөд гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байлаа. Гэр бүлийн энэхүү хэлбэр нь 2004 оны “Гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал судалгаа"-нд мөн 12.8 хувийг эзэлж байсан байна. Өөрөөр хэлбэл тус судалгаанаас хойш 14 жилийн хугацаанд хамтран амьдарч буй гэр бүлийн тоо дорвитой буурсангүй. Тэдний хоёр хүн тутмын нэг нь бүртгүүлж амжаагүй гэсэн ерөнхий шалтгаанаар гэр бүлээ албан ёсоор батлуулаагүй гэсэн бол 11.8 хувь нь шилжих хөдөлгөөн хийлгээгүй, 9.6 хувь нь өмнөх эхнэр, нөхрөөсөө гэрлэлтээ цуцлуулаагүй, 7.7 хувь бусад шалтгааныг дурджээ. Харин 16.5 хувь нь ямар ч шалтгаан байхгүй гэсэн бол 3.3 хувь нь хариулахаас татгалзсан байна. Гэр бүлийн хамтран амьдрах хэлбэрийн практикт ажиглагддаг нэг асуудал бол гэр бүлийн хамтын амьдрал төгсгөл болох үед эд хөрөнгө, үр хүүхдийн харилцаанд хариуцлага үүрэх явдал нэлээд эргэлзээ, сөрөг үр дагаврыг эрх зүйн болон нийгмийн харилцаанд авчирдаг тул зайлшгүй зохицуулалт шаардсан нийгмийн үзэгдэл болохыг экслертүуд онцлон дурдсан байна.

2018 онд судалгаанд хамрагдсан гэр бүлийн 22.7 хувь нь гэр бүлийн үнэт зүйлийн нэг бол шударга ёсыг эрхэмлэх гэж хариулжээ. Судалгаанд хамрагдсан гэр бүлийн гишүүдийн 639 (31.6%) нь гэр бүлийн хүчирхийлэлд сүүлийн 12 сарын хугацаанд ямар нэг байдлаар өртсөн гэж хариулсан байна. Харин хүчирхийллийн хохирогчдын 239 (37.4%) эрэгтэй, 400 (62.6%) эмэгтэй байлаа. Хүчирхийлэлд өртөгчид бие махбодын (51.2%), сэтгэл санааны (44%), бэлгийн (4.4%) хүчирхийлэлд өртсөн байна. Хүйсийн хувьд 239 (37.4%) эрэгтэй, 400 (62.6%) эмэгтэйчүүд байжээ. Хүчирхийллийн хохирогчдыг харьцуулбал, бүхий л хэлбэрт эмэгтэйчүүдийн өртөх байдал эрэгтэйчүүдийг бодвол илүү байгааг судалгааны дүнгээс харж болно хэмээн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын институтийн захирал М.Алтансүх илтгэлийнхээ үеэр танилцуулав. Орчин үеийн гэр бүлийн хувьд зөрчлийн үндсэн шалтгаан нь санхүүгийн байдал (41.4%), согтууруулах ундааны хэрэглээ (15.7%), хүүхдийн асуудал (15.3%), өр зээл (13.9%), үээл бодлын зөрчлөөс (11%) үүдсэн байна. Гэр бүлийн гишүүдээр нь харьцуулбал, ихэвчлэн эхнэр нөхрийн (79.9%), эцэг, эх болон хүүхдүүд (19.1%), хадмууд болон хүргэн, бэрүүдийн (7.1%) хооронд үүсдэг байна.

Ийнхүү хуулийн төсөл болон илтгэлтэй холбогдуулан хэлэлцүүлгийн оролцогчид асуулт асууж, хариулт авахын зэрэгцээ Гэр бүлийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан санал хэлж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Гэр бүлийн тухай хууль 1999 онд батлагдсан бөгөөд нийт 6 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Эдгээр нь гэр бүлийн харилцаанд тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн гэхээс илүүтэй салбарын харилцааг зохицуулсан бусад хуулийн шинэчлэлийг дагалдан хийгдсэн байдаг байна. Иймд хууль эрх зүйн шинэчлэл, гэр бүл, нийгмийн амьдралд гарсан өөрчлөлт, хандлагад нийцүүлэн гэр бүлийн харилцаанд тулгамдаад байгаа бодит асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор Гэр бүлийн тухай хуулийн шинэчилэн найруулгын төслийг боловсруулсан байна.

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталснаар дараах үр дүнд хүрнэ гэж үзсэн байна.

  1. Гэр бүлийн тогтвортой амьдралыг төрөөс дэмжих эдийн засаг, эрх зүй, нийгэм, сэтгэл зүйн орчин бүрдэнэ.
  2. Гэр бүл төрийн хамгаалалтад байх, гэр бүлд суурилсан хөгжил, хамгааллын бодлого хэрэгжих, төрийн үйлчилгээ гэр бүлд хүрэх бодит нөхцөл бүрдэнэ.
  3. Гэр бүлийн харилцааны олон талт, түвэгтэй асуудлыг хуулиар нарийвчлан зохицуулснаар гэр бүлийн гишүүдийн эрх үүрэг, хууль ёсны ашиг сонирхол тэнцвэртэй хангагдана.
  4. Гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүл салалт буурч, хүүхэд гэртээ таатай амьдарч, гэр бүлд жендэрийн тэгш байдал, хүүхдийн эрх, хамгаалал хангагдана.

Хуулийн төсөл 10 бүлэг, 102 зүйлтэй бөгөөд 1999 онд батлагдсан Гэр бүлийн тухай хуульд үндсэн асуудлаар 2 бүлэг, 26 зүйл шинээр, хуулийн 80 гаруй хувьд нь нэмэлт, өөрчлөлт орж байгаа тул хуулийг ийнхүү шинэчилэн найруулсан байна.