Нийслэл хот, хөдөө орон нутагт эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах зорилготой 80 сая ам.долларын Зээлийн хэлэлцээр болон Буцатгүй тусламжийн гэрээнд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, АХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгчийн орлогч Деклан Магий нар өнөөдөр гарын үсэг зурлаа. Үүний 3.5 сая ам.доллар нь буцалтгүй тусламж, үлдсэн нь жилийн хоёр хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай зээл бөгөөд 158.34 сая ам.долларын өртөг бүхий "Эмзэг бүлгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр"-ийн эхний санхүүжилт болж байна.
АХБ-аас Монгол Улсын эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй энэхүү анхны олон шатлалт санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт эрүүл мэндийн цогц үйлчилгээ үзүүлэх дүүргийн нэгдсэн эмнэлэг барих, Ховд, Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, Улсын түргэн тусламжийн төвийг шинэчлэх, 6 сум болон нийслэлд 10 өрхийн эрүүл мэндийн төв байгуулах аж.