Австри улсын Инсбрук хотноо 2020 оны нэгдүгээр сарын 08-20-нд болох дэлхийн ахмад мастеруудын өвлийн спортын III наадамд оролцох баг тамирчдаа үдэн гаргах ёслол өнөөдөр Спортын төв ордонд болов.
Монгол Улсаас энэхүү наадам /Winter World Masters Games/-д тэшүүр, шорт трек, хоккей, цанын спорт гэсэн 4 төрлөөр 36 тамирчин өрсөлдөх юм. Спортын төв ордны 3 давхарт болсон үдэн гаргах ёслолд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-ын дарга Ц.Шаравжамц, УИХ-ын гишүүн, Монголын мастеруудын биеийн тамир спортын хороо /ММБТСХ/-ны хүндэт ерөнхийлөгч Б.Бат-Эрдэнэ, Монголын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Ардын багш Ч.Насантогтох, ММБТСХ-ны ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Ч.Наранбаатар, Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.
Дэлхийн мастеруудын өвлийн II наадам 2015 онд Канадын Квебек хотноо болсон бөгөөд уг наадамд Монголын 20 гаруй тамирчид оролцож 4 алт, 2 мөнгө, 5 хүрэл нийт 11 медаль хүртсэн билээ.