УНТЭ амьгүй донороос 15 хүнд эрхтэн шилжүүлэн суулгажээ

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний багийнхан 2019 онд тархины үхэлтэй доноруудаас дөрвөн хүнд элэг, 11 хүнд бөөр шилжүүлэн суулгасан нь амжилттай болжээ.

Донорын тухай хуулийг 2000 онд баталж, 12 жилийн дараа нэмэлт, өөрчлөлт оруулахдаа амьгүй буюу тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэхийг нарийн зохицуулаагүйгээс өнгөрсөн хугацаанд бид эрүүл саруул хүнийг эрсдэлд оруулан байж эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийдэг байв. Харин 2018 оны нэгдүгээр сард дээрх хуульд дахин өөрчлөлт оруулан, баталснаар амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах боломж бүрдсэн юм.

Ингэснээр өнгөрсөн онд 15 хүнд амьдрал бэлэглэлээ. Мөн амьгүй донороос шөрмөс авч, өвдөгний үений холбоосыг сэргээн засах мэс заслыг анх удаа хийсэн байна. Түүнчлэн хэвлийн гол болон доод хөндийн вений судас авч, найман хүний элэг шилжүүлэн суулгах эмчилгээнд ашиглажээ. Ташрамд дурдахад, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг нэвтрүүлсэн улс орнуудын 90 орчим хувь нь амьд донороос татгалздаг. Харин манайд энэ төрлийн эмчилгээний 95 орчим хувийг амьд донороос буюу эрүүл хүний өрөөсөн бөөр, элэгнийх нь талыг авч, өвчтөнд “сэлбэдэг”.

Тиймээс цаашид аль болох тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэх бодлого баримтлах аж. Энэ онд өндөр өртөгтэй тусламж, үйлчилгээний зардалд улсаас 30.5 тэрбум төгрөг төсөвлөснийг ЭМЯ-ныхан хэллээ.