Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Э.Чойдогийн “Монголын сайхан орон” киноны хөгжмийн зохиолыг Монголын талд өнөөдөр хүлээлгэн өглөө.
Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Э.Чойдогийн “Монголын сайхан орон” киноны хөгжмийн зохиол буюу аяыг 1961 онд алдарт Дефа кино үйлдвэрийн симфони оркестрт бичүүлсэн бөгөөд анхны партитур нь манай урлагийн сан хөмрөгт хадгалагдаж үлдээгүй байна.
Тиймээс Дефа кино үйлдвэрийн архивт хадгалагдаж байгаа уг хөгжмийн партитурыг хувилан авч, Улсын баяр наадмын ёслолын үйл ажиллагаанд эгшиглүүлэх хүсэлтэй буйгаа Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын /ХБНГУ/ талд илэрхийлээд байсан юм.
Уг хүсэлтийг хүлээн авсныг бататгаж, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Штефан Дуппел өнөөдөр Шадар сайд У.Хүрэлсүхтэй уулзан, “Монголын сайхан орон” киноны хөгжмийн зохиолын анхны хувилбарыг хүлээлгэн өглөө.
Шадар сайд У.Хүрэлсүх энэ үеэр “Нөхцөл байдал, хэрэгцээ шаардлагыг соргогоор мэдэрч бидний ажилд гүн туслалцаа үзүүлсэн Элчин сайд Штефан Дуппел, соёлын атташе ноён Кристиан Зайферт болон нийт Элчин сайдын яамны хамт олонд гүн талархал илэрхийлж байна. Монгол Улс хийгээд ХБНГУ-ын дипломат харилцаа, хамтын ажиллагаа улам бэхжихийн ерөөлийг дэвшүүлье” хэмээн талархлаа илэрхийлсэн юм. Мөн энэ үеэр ХБНГУ-ын Элчин сайд болон албаныханд зориулан, алдарт зохиолчийн “Жаламхар” аязыг эгшиглүүлэн, морин хуур хөгжмийг бэлэг болгон өглөө.
Манай улс тус хөгжмийн зохиолын партитурыг хувилан авснаар хөгжмийн сан хөмрөг, архив баяжиж, Монголынхоо нэрт хөгжмийн зохиолчийн энэхүү бүтээлийг партитурын дагуу анх удаа албан ёсоор тоглох боломж бүрдэж байна. Мөн “Монголын сайхан орон” киноны ая Үндэсний Их баяр наадмын нээлтийн ажиллагаанд эгшиглэх боллоо.