Хорин мянгатын дэвсгэртүүдийг гүйлгээнээс татаж эхэллээ

Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар 2006 онд үйлдвэрлэсэн 20 мянгатын мөнгөн дэвсгэртүүдийг өнөөдрөөс буюу 3 дугаар сарын 1-нээс эхлэн гүйлгээнээс татаж эхэллээ.

Уг оны дэвсгэртүүд нь олон нийтэд зориулсан түвшний хамгаалалтын элемент хангалтгүй байдгаас ихэвчлэн хуурамчаар үйлддэг байна. Дээрх дэвсгэртийг гүйлгээнээс татаж буй ч уг дэвсгэртээр төлбөр тооцоо хийхийг зогсоогоогүй аж.

Ингэхдээ 2006 оны 20 мянгатын дэвсгэртүүдийг 2022 оны гуравдугаар сарын 1-ний өдөр хүртэл солих юм. Нэг ёсондоо 2 жилийн хугацаанд арилжааны банкуудад болон Монголбанканд хандан шинэ дэвсгэртээр чөлөөтэй солиулж болно гэж Төв банкнаас мэдээлж байна.

Иргэдэд сануулахад 2006 оны 20 мянган төгрөгийн дэвсгэрт нь ямар нэгэн цонхгүй, туузгүй, ар талын зүүн доод буланд 2006 гэсэн тоотой байгаа юм.

Монголбанк мөн мөнгөний нөөцийг нь дахин бүрдүүлэх шаардлагатай болсон 50 төгрөг болон 20 мянган төгрөгийн дэвсгэртүүдэд орчин үеийн технологи бүхий хамгаалалтын шинэ элементүүдийг оруулан шинэчлэн сайжруулж, гүйлгээнд гаргаад байна.

Шинэчилсэн хамгаалалтын элементүүд нь иргэд энгийн нүдээр хараад хуурамч дэвсгэртээс төвөггүй ялгаж, таних боломжтой аж. Шинэ 20 мянган төгрөгийн дэвсгэрт нь түүхэн болон үндэсний уламжлалт хэв маягийг хамгийн сүүлийн үеийн технологитой төгс хослуулснаараа онцлог юм гэж Монголбанкнаас мэдээлж байна.

Шинээр гарч буй 20 мянган төгрөгийн дэвсгэрт