Улсын онцгой комисс /УОК/ /2020.3.8/ хуралдаж, тодорхой асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин: “Байдал амаргүй байна. Дэлхийн 99 оронд "COVID-19"-ийн халдвар дархаж, өвчилсөн хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. Тиймээс бид тайвширч болохгүй. Хийж буй ажлаа сайжруулж, сонор сэрэмжээ сайжруулах шаардлагатай байна. Тусгаарлах байр олныг гаргасан. Одоогоор 500 орчим хүн тусгаарлах байранд байна” гэлээ.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: “УОК-ын ес дэх хурал боллоо. Шадар сайд мэдээллийн эхэнд, 99 оронд халдвар тархаж, 106 мянга 139 хүн халдвар авч, 3600 хүн нас бараад байгааг мэдээлсэн. ДЭМБ зөвлөгөө өгсөөр байна. Дэлхийн бөмбөрцгийн нэг ч орон манайд халдвар гарахгүй гэж бодож болохгүй гэж зөвлөж байгаа. Оношилгоо эмчилгээний чиглэлээр туршлага судалж байна. ДЭМБ-ын 6 хүний бүрэлдэхүүнтэй зөвлөх баг манай улсад ажиллаж байгаа. Өнөөдрийн хурлаар иргэдийг тусгаарлах журам батлах үүргийг ЭМЯ-нд өгсөн. Оношлууртай холбоотой асуудлаар БНСУ, Япон улстай хамтран ажиллаж байна. Мөн энэ чиглэлээр ЭМЯ-наас ОХУ-д ажиллаж буй баг давхар судалгаа хийж байгаа” гэлээ.
Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан: “Монгол Улсаас гадагш явдаг нислэгийг гуравдугаар сарын 11-ныг хүртэл зогсоосон байсан. БНСУ-Монгол-БНСУ, Япон-Улаанбаатар-Япон, Улаанбаатар-Улаан-Үд чиглэлийн олон улсын нислэгийг гуравдугаар сарын 28-ныг хүртэл буюу өвлийн нислэгийн хуваарь дуустал нисгэхгүй байх шийдвэр гаргалаа. Нүүрс, газрын тосны экспортыг эхлүүлэх эсэх асуудалтай холбоотойгоор дахин мэдээлэл хийнэ” гэв.
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан: “Шинэ коронавирусний тархалт эгзэгтэй байдалд шилжиж байна. Монгол Улс 3-4 сар дотоодын хэрэгцээгээ хангах шаардлагатай байна. Одоогоор махны 12 мянган тонн нөөц байна. Махны нөөцийг нэмэгдүүлэх боломжтой бөгөөд өдөрт 100 тонн нөөцийн мах хэрэглэх боломжтой. Өнгөрсөн онд гэхэд 60-70 тонн мах нийлүүлж байв. Мах бэлтгэн нийлүүлэх 60 гаруй аж ахуйн нэгж 12 мянган тонн махыг экспортлохоор бэлдсэн ч зохих шаардлага хангаагүйгээс дотоодын зах зээлд борлуулахаар болсон” хэмээв.
Эх сурвалж: montsame.mn