Монгол Улсад ажилладаг Францын иргэнээс “COVID-19” илэрсэнтэй холбогдуулан Нийслэлийн онцгой комисс (НОК) шуурхай хуралдаж, Улаанбаатар хотын төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд үүрэг өглөө.
Тухайлбал, дүүргүүдийн эрүүл мэндийн төвүүд, Улаанбаатар хотод ажилладаг амралт, сувиллын газрууд болон зарим хувийн эмнэлгийг ажиглах, тусгаарлах байр болгох зохион байгуулалт хийх юм. Одоогоор дүүргүүдийн Онцгой комисс эмнэлэг, амралт, сувиллын газруудын жагсаалт гаргаж, судалгаа хийж байгаа аж. Мөн барааны зах, бөөний худалдааны төвүүдийн үйл ажиллагааг энэ сарын 16-ны 7.00 цаг хүртэл хязгаарлах, зарим төрийн албан хаагчийг цахимаар ажиллах боломжийг бүрдүүлэх юм. Харин хүнсний болон ахуйн барааны захууд хэвийн ажиллах юм.
Халдварын тохиолдол бүртгэгдсэн улсаас ирсэн иргэнтэй албан болон албан бусаар уулзахгүй байх, харилцаа холбооны бэлэн байдлыг хангахыг төр, захиргааны байгууллагын удирдлагуудад үүрэг болгов. Түүнчлэн түргэн хоолны болон хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжүүдэд ариутгал хийх, Францын иргэний зорчсон байрласан газруудыг нарийвчлан тогтоож, хавьталд орсон хүмүүсийн судалгааг гарган, шинжилгээнд хамруулахыг мэргэжлийн хяналт, цагдаа, тагнуулын байгууллагад үүрэгдсэн юм.
Түүнчлэн нийслэлийн нийтийн тээврийг энэ сарын 16 хүртэл тусгай маршрутаар зорчуулах асуудлыг судлах, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдийн үйл ажиллагааг хязгаарлах асуудлыг судлахаар боллоо.