Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Удирдлагын академи, Азийн сан хооронд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Р.Батрагчаа, Удирдлагын академийн захирал С.Зулпхар болон Азийн сангийн төлөөлөл оролцов.
Санамж бичгийн хүрээнд Төрийн албаны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн хэрэгжилтийг хангах, Засгийн газрын 2019 оны “Сургалтын агуулга, хөтөлбөр батлах тухай” 299 дүгээр тогтоолын дагуу нийслэлийн харьяа бүх шатны байгууллагуудын албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх үйл ажиллагааны хүрээнд богино хугацааны сургалтыг хамтран зохион байгуулах, судалгаа шинжилгээ, зөвлөх үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах юм байна.
Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Р.Батрагчаа “Нийслэлийн харьяа бүх шатны байгууллагын ажилтан, албан хаагчдын чадавхыг бэхжүүлэхэд мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах болсондоо таатай байна. Хамтын ажиллагааны хүрээнд олон үр дүнтэй сургалт, судалгаа шинжилгээний ажил хийнэ гэдэгт итгэлтэй байна. Хамтран ажиллаж байгаа та бүхэндээ талархсанаа илэрхийлье” хэмээлээ.