Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш буюу энэ сарын 29-ны 08.00 цагт эхэлж, 15 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Тогтоолд өөрчлөлт оруулах тухай, Олон улсын эрүүгийн шүүхийн дархан эрх болон эрх ямбын тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Хөрөнгө гаргах тухай, УИХ-ын гишүүн С.Эрдэнийн боловсруулсан Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлт багтжээ. Мөн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нарын боловсруулсан Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын боловсруулсан Хүний эрхийн хамгаалагчийн тухай хуулийн төсөл, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын боловсруулсан Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлтийн тухай хэлэлцэнэ.
Түүнчлэн Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг батлах эрх, олгох тухай, Монгол Улсын Их Хурлын 2016-2020 оны бүрэн эрхийн хугацаан дахь эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын тайлангийн тухай Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын танилцуулгыг сонсоно.