12.3 мянган тонн махыг иргэдийн хэрэгцээнд хямд борлуулжээ

“Мах, сүүний анхдугаар аян”-ын хүрээнд өвөлжилт хүндэрсэн орон нутгаас мал, мах бэлтгэлийг нэмэгдүүлэх арга хэмжээг үйлдвэр, зориулалтын зоорь бүхий аж ахуйн нэгжтэй хамтран зохион байгуулжээ. Хөгжлийн банк, арилжааны банкнаас 12 үйлдвэр, аж ахуйн нэгжид олгосон нийт 63.4 тэрбум төгрөгийн зээлийн хүүд хөнгөлөлт үзүүлж, 15.8 мянган тонн махыг хаврын улиралд иргэдийн хэрэгцээнд худалдаалж байна. Мах, сүүний анхдугаар аяны хүрээнд бэлтгэсэн махыг 2017 оны 4 дүгээр сард зах зээл дэх үнээс үхрийн махны үнийг 2195 төгрөг буюу 38.2 хувиар, хонины махны үнийг 1440 төгрөг буюу 26.7 хувиар, ямааны махны үнийг 425 төгрөг буюу 9.7 хувиар тус тус хямд үнээр борлуулжээ.

Махны худалдааг Улаанбаатар хотын 6 дүүрэгт 118 дэлгүүрээр, Дархан-Уул аймагт 118 дэлгүүрээр, Эрдэнэт хотод 6 дэлгүүрээр иргэдийн хэрэгцээнд нийлүүлсэн байна.

Мөн “Мах, сүүний анхдугаар аян”-ын хүрээнд махны өргөтгөсөн худалдааг нийслэлийн Хархорин, Орхон, Жуков, Тэнгэр, Нарантуул, Дүнжингарав, Шар хадны эцэс, Хангай хотхон, 32-ын тойрог, Хороолол зах, Яармагийн эцэс, Баянхошуу, Цамбагарав, Содон хороолол, Шөнийн зах, Хүчит шонхор, Нарантуул-2, Хан-Уул үйлчилгээний төв, Драгон, Энхжин, Саппоро, Миний дэлгүүр зэрэг байршил, газарт зохион байгуулсан. Өргөтгөсөн худалдаагаар үхрийн махыг 5200 төг/кг, хонины махыг 4100 төг/кг, ямааны махыг 3800 төг/кг өөр тус тус борлуулсан. Энэ арга хэмжээний дүнд 2017 оны 6 сарын 22-ны байдлаар махны худалдааны гол төв болох “Хүчит шонхор зах” дээр бөөний үнэ хонины гулууз мах 1 кг нь 4100-4200 төгрөг, үхрийн өрөөл мах 1 кг нь 5200-5400 төгрөг, ямааны гулууз мах 1 кг нь 3800 төгрөг болж махны үнийг тогтворжууллаа.

Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын хүн амын хаврын улирлын хэрэгцээнд тогтоосон үнээр буюу зах зээл дэх махны үнээс 10-30 хувь хямд үнээр хэрэглэгчдэд нийлүүлж эхэлснээр махны үнийг тогтворжуулж, хаврын улиралд махны хомсдол үүсэхгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн. 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар “Мах, сүүний анхдугаар аян”-ы хүрээнд нийт бэлтгэсэн махны 80 шахам хувь буюу 12.3 мянган тонн махыг худалдан борлуулаад байна.