Дулааны улирал эхэлж, "Тавантолгой түлш" ХХК үйлдвэрлэлийн ачаалал буураад байна. Үүнтэй холбогдуулан тус компани урсгал болон их засварын ажлыг эхлүүлжээ. Энэ хүрээнд үйлдвэрийн орчны тоосжилтыг багасгах, байгаль орчин, ажилчдын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахаар ажиллаж буйг үйлдвэр дээр ажилласан Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнд танилцууллаа.
Тодруулбал, шахмал түлшний түүхий эд болох миддлингийг бутлах явцад их хэмжээний тоос агаарт дэгдэж ойр орчимд бохирдол үүсгэдэг байна. Үүнийг шийдвэрлэх зорилгоор үйлдвэрийн бутлууруудыг битүү байртай болгох, цаашлаад бутлуурын нэгдсэн системтэй болгох ажлыг эхлүүлжээ. Тэрчлэн дамжлагын шугамаас их хэмжээний тоосжилт үйлдвэрийн орчинд гардаг байсныг битүүмжилж байна.
Ингэснээр үйлдвэрт ажиллаж байгаа ажилчдын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө багасах аж. Мөн үйлдвэрийн орчны тоосжилтыг бууруулах зорилгоор талбайг хатуу хучилттай болгож, үйлдвэрийн барилгуудад салхивч, гэгээвийг нэмэгдүүлж, үйлдвэрийн шалыг тогтмол хугацаанд цэвэрлэж, угаадаг байх системийг хийхээр төлөвлөжээ.
Мөн тус компанийн үйлдвэрлэлийн бүсийг нийслэлийн онцгой объект болгож, компанийг Дотоодын цэргийн хамгаалалтад шилжүүллээ. Энэ ажиллагаанд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн оролцож, дотоодын цэргийн ангийн албан хаагчдад ажлын амжилт хүслээ. Тэрээр “Тавантолгой түлш ХХК бол онцгой объект. Нийслэлийн айл өрхийн гал голомтод орох түлшийг аюулгүй, найдвартай үйлдвэрлэх учиртай. Тиймээс та бүхний ажил үүрэг, сонор сэрэмж хамгаас чухал" гэдгийг онцолж ажлын амжилт хүслээ.