Өлгий хотын тойрон гарах авто замын нээлт боллоо

“Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх” төслийн хүрээнд Баян-Өлгий аймагт хэрэгжиж буй Азийн авто замын АН-4 чиглэлийн Өлгий хотыг тойрон гарах 18.82 км авто зам, 200м төмөр бетон гүүр, Цагааннуур Улаанбайшинт чиглэлийн 25,8 км авто зам, барилгын ажлын нээлт боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Мурат, Зам тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар, Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан болон бусад албаны хүмүүс оролцлоо.  Энэхүү бүтээн байгуулалтын ажлын төсөв Азийн хөгжлийн банкны  22.79 тэрбус төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж  гүйцэтгэх юм. Авто зам, бетон гүүрний ажлыг “Хотгор зам”, “Эйч Кэ Би Интернэшнл Холдинг” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд 2021 ондоо багтаан хүлээлгэн өгөх юм. Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан “Нийслэл Улаанбаатар хотоос 1760 км зайд алслагдсан манай аймгийн хувьд дэд бүтцийн асуудал тулгамдсан асуудлуудын нэг байсан. Харин өнөөдөр энэ асуудал шийдэгдэж ажил эхэлж байна. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд Баян-Өлгий аймагт  Толбо-хашаат чиглэлийн 60 км зам, Өлгий хотын төвд 16 км хатуу хучилттай зам ашиглалт орсон. Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх төсөл бүрэн утгаар хэрэгжиж, Баян-Өлгий аймаг Азийн авто замын нэгдсэн сүлжээнд холбогдох юм. Энэ нь тус аймгийг ОХУ болон БНХАУ-ыг холбосон эдийн засаг, аялал жуулчлал, авто тээврийн коридор болгохоос гадна аймгийн түүхэнд хөгжлийн шинэ хуудас нээж байгаагаараа онцлогтой.” гэсэн юм. Түүнчлэн тус аймагт 100 ортой Нэгдсэн эмнэлэг барих,  50 ортой хүүхдийн эмнэлэг барих,  Өлгий сумыг тойрсон 27 км Үерийн далан босгох, Өлгий сумын хүүхдийн нэгдүгээр  цэцэрлэгийг шинээр барих, Төрийн үйлчилгээний цогцолбор барих зэрэг олон ажлууд хийгдэж эхнээсээ ашиглалтад орж хүлээлгэн өгөөд байгаа юм байна.