Бүтээгдэхүүний шошгыг сайтар харж сонголтоо хийхийг АНХААРУУЛЖ байна

Мэргэжлийн хяналтын байгууллагаас “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан зохион байгуулж буй хяналт, шалгалтын талаар мэдээлж байна.

НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж 309 аж ахуйн нэгж байгууллага, 140 иргэн нийт 449 газрыг хамруулан хяналт шалгалт хийсэн. Шалгалтаар 559 зөрчлийг илрүүлснээс 394 буюу 73.7 хувийг газар дээр нь арилгуулсан. Хадгалалтын горим алдагдсан есөн төрлийн бүтээгдэхүүнүүдийг устгаж, 30 ААН-д 28 сая 900 мянга, 35 иргэнд 8 сая 650 мянга буюу нийт 37 сая 550 мянган төгрөгийн шийтгэлийн арга хэмжээ авсан. Коронавируст цар тахлын үед импортын бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт багасаж, хүмүүсийн худалдан авалт буурсан. Үүнтэй холбоотой хугацаа дууссан бараа бүтээгдэхүүн ихэсч байгаа тул иргэд хаяг шошгыг сайтар харж сонголтоо хийхийг анхааруулж байна” гэлээ.