Нийслэлийн ИТХ-ын шийдвэрээр Нийслэлийн Орон сууцны корпорацаас гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах, залуу гэр бүлийг дэмжих, түрээсийн орон сууцыг нэмэгдүүлэх, орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр зэргийг үе шаттай хэрэгжүүлж байгаа билээ. Зарим онцлох ажлаас дурдвал Сонгинохайрхан дүүргийн нутаг, Баянголын аманд 2000 өрхийн орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр эхлүүлэв. Мөн зорилтод бүлгийн иргэдийг түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцтай болгох ажлыг Тэргүүлэгчдийн шийдвэрээр эхлүүлээд байна. Мөн иргэдийн газрыг орон сууцаар солих зэрэг ажлыг үе шаттай зохион байгуулж буй.
Энэ хүрээнд нийслэлийн төр захиргааны байгууллага, орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын ажилтан, албан хаагчдын нийгмийн баталгааг хангах зорилгоор хөтөлбөр мөн хэрэгжүүлж байгаа билээ. Тус хөтөлбөрийн хүрээнд хямд өртөгтэй эхний ээлжийн 47 орон сууцыг нийслэлээс худалдан авсан байдаг. Тодруулбал, дээрх барилгуудыг нийслэлийн 2020 оны төсөвт нийслэлийн орон сууцны хөтөлбөрийн зардлын гүйцэтгэлээр шийдвэрлэсэн юм.
Дээрх байрнуудыг нийслэлийн өмчид бүртгэж авах шийдвэрийг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдрийн хуралдаанаараа гаргалаа.
Баянзүрх дүүргийн VIII хорооны нутаг дахь, 50-52 ам метр талбай бүхий 23 айлын орон сууцыг “Баганат өргөө” ХХК, Чингэлтэй дүүргийн Х хорооны нутаг дахь 41-55 ам метр талбай бүхий 24 айлын орон сууцны барилгыг “Бармон” ХХК барьж, өнгөрсөн онд ашиглалтад оруулсан байдаг. Дээрх орон сууцуудыг Нийслэлийн Орон сууцны корпорацаас нутгийн захиргааны байгууллагын ажилтнуудад түрээслээд өмчлөх хэлбэрээр олгох юм.