Нийтдээ 70 хүний суудалтай, хоёр давхар цахилгаан автобус өнөөдрөөс нийтийн тээвэрт явж эхэллээ. Нийтийн тээврийн шинэчлэлтийн хүрээнд энэ сард нэмж давхар цахилгаан автобус 9, энгийн цахилгаан автобус 36-гааг шугаманд явуулна. Тус автобусны урьдчилгаа 20 хувийг нийслэлийн төсвийн хөрөнгөөр, 80 хувийг Монголын Хөгжлийн банк болон БНХАУ-ын Хөгжлийн банкны зургаан жилийн хугацаат зээлээр авч байгаа ажээ. 100 хувь цахилгаанаар ажилладаг учраас нэг цэнэглэлтээрээ хоёр өдрийн үйлчилгээнд гарах боломжтой буюу 400 км явах хүчин чадалтай. Одоо үйлчилгээнд явж энгийн автобус 400км явахдаа 360.000 төгрөгийн дизель түлш хэрэглэдэг. Харин уг цахилгаан автобус 35.000 төгрөгийн цахилгаанаар хоёр өдөр нийтийн тээвэрт явах аж.
Нийслэлийн ИТХ-ын Р.Дагва “Нийслэлийн нийтийн тээврийг шинэчлэх олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа. Үүний нэг ажил нь цахилгаан автобус нэвтрүүлэх, тэр дундаа 2 давхар цахилгаан автобусыг нэвтрүүлэх ажил юм. Хуучин автобуснуудад түлшний зардал өндөр байсан. Харин цахилгаан автобус нэвтрүүлснээр тэр зардлаа 100 хувь хэмнэнэ. Өөрөөр хэлбэл цахилгаан автобус эхний 6 жилийн дотор өөрийнхөө олсон орлогоор зээлээ төлж, дараагийн 6 жилд нь орлого олох давуу талтай. Эдийн засгийн хувьд ч өгөөжтэй, хотын залуу иргэдэд ч сонирхолтой сайхан санагдах байх. Үүнээс гадна нийтийн тээврийг салбарыг шинэчлэх зорилгоор агаарын дүүжин тээвэр, соронзон галт тэрэгний төслүүдийг хэрэгжүүлэхээр судалгааны ажил хийгдэж байна.” гэдгийг онцоллоо.
Нийслэлийн нийтийн тээвэрт 1200 гаруй автобус үйлчилдэг. Үүний 70 гаруй хувийнх насжилт дууссан ажээ. 2009 онд улсын төсвийн хөрөнгөөр 500 гаруй автобус худалдаж авч байсан юм. Эдгээр автобуснууд 2020, 2021 онд ашиглалтын хугацаа дуусаж байгаа. Тиймээс нь нийтийн тээвэрт парк шинэчлэлт хийх зайлшгүй шаардлагатай байгаа юм.