МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр тэргүүтэй төлөөлөгчид, лхагва гарагт Засгийн газрын тохируулагч агентлаг, Биеийн тамир, спортын улсын хороонд зочилж, санал бодлоо солилцов.
Уулзалтад МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц, дэд дарга Ц.Одонбаяр болон бусад албаны төлөөллүүд оролцсон юм.
Уулзалтаар МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр БТСУХ-той спорт олимпизмыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд нягт хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлээд Монголын спортын салбарт тулгамдаад буй гол асуудлын нэг болох спорт холбоодын талцал хуваагдал, хоорондын зөрчил маргаантай байдлыг цэгцэлж, хамтын хүчин чармайлтаа нэгтгэхэд анхаарч ажиллахыг хүссэн юм. Мөн 2021 онд зохион байгуулагдах зуны олимпын наадамд БТСУХ, МҮОХ хамтран баг тамирчдаа илүү хүчирхэгжүүлж, илүү чанартай, судалгаатай амжилт дүүрэн оролцоно гэдэгт итгэлтэй байгаа гэдгээ онцлов.
Харин Ц.Шаравжамц салбарын үйл ажиллагаанд зөвлөмж дэмжлэг үзүүлэх, хөгжлийг тодорхойлох чиг үүрэг бүхий хороо байгуулахаар бэлтгэл ажил хийгдэж байгааг онцлоод энэхүү хорооны гишүүнээр МҮОХ-ноос төлөөлөл оролцуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Мөн Монгол Улсад нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд өргөн хүрээнд хамтран зохион байгуулж, хүн амын эрүүл мэндийг хамгаалахад хөдөлгөөн, нийтийн биеийн тамир онцгой ач тустай гэдгийг таниулан сурталчилж аймаг, хот, дүүрэг, сум, бүх шатны их дээд, дунд сургуулиудыг хамруулан түгээн дэлгэрүүлэх талаар хамтран ажилласнаар бүх нийтийн биеийн тамирыг шинэ шатанд гаргаж төлөвшүүлэхэд тэд санал нэг байгаа гэдгээ илэрхийлсэн юм.