Улсын хэмжээнд өчигдөр буюу энэ сарын 19-ний өдөр хийсэн PCR шинжилгээгээр 32 хүнд коронавирусний халдвар илэрчээ.
ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, НЭМҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод аймгийн салбар лабораторид нийтдээ 13 318 хүнд шинжилгээ хийсэн байна.
Эдгээр тохиолдол бүгд Улаанбаатар хотод бүртгэгджээ. Энэ тухай ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ, “Баянгол дүүргийн 12 хорооны 19 дүгээр байрны нэг орцны зуругана айлын хүмүүс халдварт өртсөн. Тухайн орцонд тохиолдол бүртгэгдсэн учраас НЭМГ-аас нэгдсэн шинжилгээ хийх явцад 14 хүнээс коронавирус илэрсэн. Орцонд нь халдвар илэрсэн учраас оршин суугчдын ажилладаг газруудад тандалт хийж байгаа. Тэдний дотор ЭХЭМҮТ-ийн яаралтай тусламжийн тасгийн эмч байсан учраас тус төв дээр халдварын голомтын хариу арга хэмжээг авч ажиллалаа. Өчигдөр ЭХЭМҮТ-ийн 900 гаруй хүнд халдвар илрээгүй. Ажиглах тусгаарлах ажил, шинжилгээ судалгаа үргэлжилж байна. "Монос" эмийн сантай холбоотой тусгаарлагдаж байсан гэр бүлийн хавьтал болсон хүмүүсээс халдвар илэрсэн” гэв.
Өнөөдрийн байдлаар, улсын хэмжээнд “COVID-19” халдварын батлагдсан тохиолдол нийт 1568 болжээ.