Захиргааны хэргийн шүүхээр хэрэглэж буй тамга нь хуурамч гэдэг нь тогтоогдсон, Улсын дээд шүүхийн шийдвэрээр намын дарга биш гэдэг нь баталгаажсан С.Эрдэний удирдаж буй АН-аас өчигдөр цахим санал асуулгаар Нийслэлийн Засаг дарга болон Зургаан дүүргийн намын даргыг тодруулна гэсэн мэдээлэл түгээсэн билээ.
Тэгвэл энэхүү цахим санал асуулга нь АН-ын гишүүн биш хүнийг хүртэл гишүүнээр бүртгэж, онлайнаар саналаа өгнө үү хэмээн шаардсан талаар нэгэн иргэн жиргэсэн байна. Тодруулбал, Пагмаа гэх иргэн өөрийн твиттер хуудсандаа “Хүүе ээ, юу солиороод байна аа. Хэдийдээ АН-ын гишүүн болгочихов оо. Юу ч ойлгосонгүй хаана хандаж шалгуулах вэ. Линкээр нь ороход яах аргагүй миний нэр гарч байна. Утасны дугаараас нь лавлаж асуух гэсэн боловч холбогдож чадсангүй. Хэдэн онд хаана элссэн, бүртгэл нь байна уу. Хаанаас лавлах вэ” хэмээн асуужээ.
С.Эрдэнэ, Э.Бат-Үүл нарын дүрмийн бус энэхүү үйл явдалд УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийн “Жорлонгоо өөрчилье” төслийн цахим дата багцыг ашиглаж байгаа гэсэн ноцтой асуудлыг АН-ын нэр бүхий албан тушаалтан саяхан ярилцлагад орохдоо хэлсэн билээ. Тиймээс АНУ-аас санхүүжилт авсан төслийн дата багцыг хууль бус намын санал асуулгад ашиглуулсан уу гэдэгт УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл тайлбар өгөөгүй байна.