Тоглоомын талбайн хяналтыг сайжруулж, ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийхийг үүрэг болголоо

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын өмнөх хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцуулсан юм. Тухайлбал,

Нийслэлийн Засаг дарга “Коронавируст халдварын /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/161 дүгээр захирамжийн хэрэгжилтийг заалт тус бүрээр ханган ажиллахыг нийт байгууллагуудын удирдлагуудад өгсөн. Энэ хүрээнд гуравдугаар сарын 15-18-ны хооронд 381 ресторан, 189 цайны газар, 202 баар, 123 хүнсний супер маркет, 119 мини маркет, 1136 хүнсний дэлгүүр, 29 зочид буудал, дэн буудал, 47 чийрэгжүүлэх, бялдаржуулах төв, саун бассейн зэрэг нийт 2622 аж ахуйн нэгж, иргэний үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийжээ. Улмаар 742 зөрчил илрүүлэн 408 буюу 54.9 хувийг газар дээр нь арилгуулж, мэргэжил арга зүйгээр ханган, хяналтын ажлууд үргэлжилж байна.

Мөн “Коронавируст халдвар /КОВИД-19/-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”-ын хэрэгжилтийг хангуулахаар биеийн тамир спорт, чийрэгжүүлэх төв, соёл урлаг, үзвэр үйлчилгээ, сүм хийд, сургалтын төв, хүнсний худалдаа , нийтийн хоол үйлдвэрлэл, хүргэлтийн үйлчилгээ, шатахуун, шингэрүүлсэн шатдаг хий хангамжийн худалдаа эрхлэгч нийт 296 аж ахуйн нэгж, иргэний үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, 74 зөрчил илрүүлж, 47 буюу 63.5 хувийг газар дээр нь арилгуулах арга хэмжээ авч ажиллалаа. Шалгалтаар QR код байршуулаагүй, бүртгэл хангалтгүй, ажилтан, үйлчлүүлэгч бүрийн биеийн халууныг хэмжиж бүртгэлжүүлээгүй, хүн хоорондын зай барих тэмдэг, тэмдэглэгээ байршуулаагүй, бөөгнөрөл үүсгэсэн, ажиллагсад халдвар хамгааллын бүрэн хэрэгсэлгүй ажиллаж байсан, сэжигтэй тохиолдлыг түр тусгаарлах шаардлага хангасан өрөө бэлтгээгүй гэх мэт нийтлэг зөрчил илэрчээ.

Түүнчлэн өмнөх хуралдаанаар Хотын дарга 1800-1200 дугаар утас, CallCenter-т иргэдээс ирж буй санал хүсэлт, гомдлуудыг холбогдох байгууллагууд хурдан шуурхай шийдвэрлэж ажиллахыг үүрэг болгосон. Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт гуравдугаар 15-18-ны хооронд иргэдээс нийт 1485 дуудлага ирснээс 1409 буюу 94.9 хувьд нь амжилттай үйлчилсэн байна. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж нийт 1564 өргөдөл, гомдол ирүүлснээс 793 буюу 50.7 хувь нь шийдвэрлэгдэж, 771 буюу 49 хувь нь судлагдах шатандаа яваа гэдгийг танилцууллаа.

Коронавирус /Ковид-19/-ын халдварын тархалтын "Улбар шар түвшин"-д шилжсэн хугацаанд нийслэлийн хэмжээнд эргүүл, хяналт шалгалтаар өдөр, шөнийн 1148 чиглэлд 2335 алба хаагч ажиллаж байна. Үүнээс баталгаат болон баталгаат бус 40 постод 264 алба хаагч, 93 автомашинтай үүрэг гүйцэтгэн, нийслэл рүү нэвтрэх чиглэлд 3070 тээврийн хэрэгсэл, 5924 иргэн, гарах чиглэлд 1920 тээврийн хэрэгсэл, 3704 иргэнийг тус тус шалган нэвтрүүлсэн байна.

Шуурхай зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар холбогдох байгууллагын удирдлагуудад хэд хэдэн үүрэг, даалгавар өглөө. Тодруулбал, Нийслэлийн Эрүүл мэндийн газарт Коронавируст халдвар, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн байгууллагын хүн хүчний нөөц бүрдүүлэх, эрсдэлийг бууруулах ажлыг зохион байгуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж ажиллах, дүүргийн Засаг дарга нарт гэрийн тусгаарлан ажиглах үйл ажиллагаанд биечлэн хяналт тавих, ажлын уялдааг сайжруулах, улс, нийслэлийн Онцгой комиссоос өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангуулж, зөрчил дутагдал гаргахгүй байхад анхаарч ажиллахыг үүрэг болгосон юм. Мөн дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хүүхдийн тоглоомын талбайн хяналтыг сайжруулж, ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх, хүүхэд, өсвөр үеийнхний бөөгнөрөл үүсэхээс урьдчилан сэргийлэх, нийслэлийн нутаг дэвсгэрт ил задгай болон цасан доор дарагдсан хог хаягдлыг цэвэрлэх цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах үүргийг Захирагчийн Ажлын алба, дүүргийн Засаг дарга нарт өглөө.