Нөөцийн махны худалдааг гуравдугаар сарын 26-наас эхлүүлсэн. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон Нийслэлийн Татварын газрын дарга Б.Цогтнаран, Нийслэлийн Мал эмнэлгийн Хяналт, эрсдэлийн үнэлгээний хэлтсийн дарга Д.Доржсүрэн нар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн хүн амын 2020-2021 оны өвөл, хаврын улирлын махны хангамжийг нэмэгдүүлэх, үнийг тогтвортой хадгалах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2020 оны долдугаар сарын 22-ны 19 дүгээр тогтоолын дагуу Нийслэлийн Засаг даргын 2019 оны наймдугаар сарын 29-ний А/889 дүгээр захирамж гарсан. Энэ дагуу Мал, мах бэлтгэн нөөцлөх, худалдан борлуулах ажлыг жил бүр зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий Ажлын хэсэг 2020-2021 оны өвөл, хаврын улирлын нөөцийн мах бэлтгэх ажлыг өнгөрсөн оны долдугаар сарын 28-наас эхлүүлэн, бэлтгэл ажлыг хангасан юм. Үүний үр дүнд “Мах импэкс” ХК, “ХКҮ”, “Баатарууд тэнгэр”, “Дархан меат фүүдс”, “Эй Эн Ди Эм”, “Нүүдэлчин мах маркет”, “Траст трейд”, “Комит сервис”, “Агро нэгтгэл трейд”, “Цалуут импэкс”, “Соотон”, “Эко фүүдс трейд”, “Эрдэнэт хүнс”, “Цэц манхан”, “Булган мах маркет”, “Ару дана”, “Азат” ХХК зэрэг 17 аж ахуйн нэгж арилжааны банкны зээлийн эх үүсвэрээр 11 мянган тонн мах бэлтгэж нөөцөллөө.
Өнгөрсөн онд 16 аж ахуйн нэгж 11.3 мянган тонн мах бэлтгэж, хүнсний 318 дэлгүүрээр худалдан борлуулсан. Харин энэ жил зорилтот бүлгийн хүн ам, өрхийн тоо, байршилд шаардлага хангасан хөргүүр, хөлдөөгч, Е баримт хэвлэгч пос терминаль төхөөрөмж зэргийг харгалзан нийслэлийн хэмжээнд нөөцийн махыг худалдан борлуулах хүнсний 405 дэлгүүрийг сонголоо. Мөн Татварын газартай хамтран Е-баримт хэвлэгч пос терминалийн төхөөрөмж суурилуулж, хүнсний дэлгүүрүүдтэй “Агентийн гэрээ” байгуулах замаар НӨАТ-аас чөлөөлж, худалдан авагчдад сугалааны дугаар бүхий Е-баримт олгох асуудлыг шийдвэрлэсэн.
Түүнчлэн нөөцийн мах бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгж, махны үйлдвэрийн 91 ажилтан, албан хаагчдыг Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлтэй хамтран коронавируст халдварын дархлаажуулалтад гуравдугаар сарын 27-нд бүрэн хамрууллаа.
Нөөцийн мах борлуулж байгаа хүнсний дэлгүүрүүдийн хаяг, байршлын талаарх мэдээллийг хавсралтаас харна уу.