Гэр хорооллын автобусны буудлуудыг угааж, ариутгаж байна

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас автобусны буудлуудын угаалга, ариутгал, халдваргүйтгэлийг тогтмол хийж байгаа юм. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын автобусны 326 буудлыг “Шинэ ариусгал”, “УБ ариутгал”, “ГАДС”, “Гантуяа”, “Санхими”, “Ариун сан нар” ХХК хариуцаж, хөөстэй угаалга, ариутгал хийж байна.

Энэ талаар сурвалжлахаар бид Хан-Уул дүүргийн 19-ийн автобусны буудалд очиход “Шинэ ариусгал” компанийн ажилчид хөөстэй угаалга хийж байсан юм. Тус компани нь Хан-Уул дүүргийн автобусны буудлуудыг хариуцаж байгаа бөгөөд тав дахь удаагаа угаалга, ариутгалаа хийж байна гэлээ. “Шинэ ариусгал” компанийн ажилтан “Иргэд бидний ажилд их хүндэтгэлтэй хандаж байгаа. Автобусны буудал угааж байхад “Баярлалаа” гэж их хэлдэг. Манай компани “Тамхины ишээ битгий хаяач ээ” гэсэн уриалга гаргаад, бүх автомашин дээрээ наасан. Тамхины иш цэвэрлэхэд их хэцүү. Тиймээс иргэд тамхины ишээ хогийн саванд хаяж хэвшээрэй. Цэвэрхэн хотыг бий болгоход иргэн таны оролцоо чухал шүү” гэлээ.

Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүргийн дагуу өнгөрсөн дөрөвдүгээр сарын 17-ноос эхлэн нийслэлийн төв зам дагуу болон алслагдсан гэр хорооллын автобусны буудлуудыг 4-5 удаагийн давтамжаар угааж байна. Хөөстэй угаалга хийгээд дээрээс нь халдваргүйтгэлийн бодисоор халдваргүйжүүлж байгаа. Автобусны буудлуудыг олон удаагийн давтамжаар угааж байгаа нь үр дүнтэй байна. Учир нь иргэд ил задгай нус, шүлс, хог хаяхаа больж байгаа. Иргэд ам сайтай байна. Цаашид бид энэ ажлыг жил бүр зохион байгуулна. Зөвхөн автобусны буудал гэхгүй хүн олноор зорчдог томоохон талбай, нүхэн гарцуудыг өнгөрсөн дөрөвдүгээр сард угаасан. Цаашид ч тогтмол угааж, ариутгана” гэлээ. Мөн “Гэр хорооллын 200 гаруй автобусны буудлын угаалга, ариутгалыг бүрэн хийж байгаа” гэв.