Монгол Улсын Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар нийслэл Улаанбаатар хотод тулгамдсан асуудлуудын талаар хэлэлцлээ. Энэ нь Засгийн газрын хурлаар Улаанбаатар хотын асуудлыг цогцоор нь хэлэлцэж байгаа анхны тохиолдол юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Улаанбаатар хотын авто замын түгжрэл, түүнийг шийдвэрлэх арга замын талаар танилцуулсан юм. Тэрбээр “Улаанбаатар хотод нийт хүн амын 47.5 хувь нь амьдарч, дотоодын нийт бүтээгдэхүүний 64.7 хувийг үйлдвэрлэж байна. Мөн бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 75.8, их, дээд сургуулийн 95.8, ерөнхий боловсролын сургуулийн 32.8, цэцэрлэгийн 47 хувь нь байрладаг улс орны нийгэм, эдийн засаг, санхүүгийн цогц төв. Нийт тээврийн хэрэгслийн 54.1 хувь нь Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнд оролцдог. Нийслэл хотын 400 мянга гаруй иргэнээс хотын тулгамдаж байгаа асуудлын талаар судалгаа авахад иргэдийн 85 хувь нь түгжрэлийг яаралтай шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн.
Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний хурд 13 км цаг байна. Оргил ачааллын үед 8.9 км болж байна. 2010 онтой харьцуулахад авто замын сүлжээний даац гурав дахин хэтэрсэн. Иргэд өдөрт 2.5 цаг, жилд 35 өдрийг түгжрэлд өнгөрөөж байна. Улаанбаатар хотын авто замын 78 хувь нь түгжирдэг. 2010 онд авто замын сүлжээний урт 954 км, 234 мянган тээврийн хэрэгсэлтэй байсан бол 2020 онд замын урт 1136 км, машины тоо 632 мянга болж нэмэгдсэн байна. Иймээс авто замыг гурав дахин нэмэгдүүлэх шаардлагатай. Энэ байдлаар үргэлжилбэл 2025 онд автомашины хурд зургаан км цаг, 2030 онд гурван км цаг болох нь. Үүнийг шийдэхийн тулд Засгийн газартай хамтран багтаамж ихтэй нийтийн тээвэр, замын сүлжээг нэмэгдүүлэх, дагуул хот, дэд төвүүд, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, Богдхан төмөр замыг байгуулах шаардлагатай” хэмээв.
Мөн нэн яаралтай багтаамж ихтэй нийтийн тээвэр (метро, LRT)-ийг нэвтрүүлэх, нийтийн тээврийн парк шинэчлэл хийх, зам, дэд бүтцийг сайжруулах, автомашины зогсоолыг нэмэгдүүлэх шаардлагатайг онцолсон. Нийтийн тээвэрт 2009 оноос хойш парк шинэчлэл хийгээгүй. Иймээс Хотын дарга нийтийн тээвэр, такси үйлчилгээний стандартыг шинэчилж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зорчих боломжоор хангана. 2021-2024 онд автобусны 81 хувь нь ашиглалтаас гарна. Байгальд ээлтэй 500-1000 автобусны парк шинэчлэл хийх, мөн олон улсын стандартад нийцсэн 290 автобусны зогсоолыг шинэчлэх, 5000 автомашины зогсоол байгуулахаар төлөвлөж байгаагаа ярилаа.
Түүнчлэн нийслэлийн гол замын сүлжээг нэмэгдүүлэх чиглэлээр 2022-2024 онд гол гудамж, замын өргөтгөл 82.43 км, хотын тойрог замын сүлжээ 71.5 км, хороолол дундах холбоос зам 70.26 км, зургаан нүхэн гарц, зургаан уулзвар, долоон гүүрний шинэчлэл, 98 км явган зам, 249 км дугуйн зам барихаар төлөвлөсөн. Ингэснээр авто замын сүлжээний даац 35 хувиар нэмэгдэж, түгжрэл 30-40 хувиар буурна. Оргил цагийн ачааллын үед авто замын хурд 20.5 км цаг болох юм. Ерөнхий сайд Хотын даргын танилцуулгатай холбоотой Зам, тээврийн хөгжлийн сайд, Сангийн сайдыг газар дээр нь очиж ажиллахыг үүрэг болголоо.