Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар, “Ковид-19”-ийн эсрэг вакцины нэгдүгээр тунд 1 810 479 хүн буюу хоёрдугаар тунд 685 189 хүн хамрагдаад байна. Үүний 0.45 хувь нь коронавирусээр халдварласан гэсэн тоо гарчээ.
Харин вакцины бүрэн тунг тариулсны дараа халдвар авсан хүний тоо нэг хоёр байгаа бол вакцин тариулаад халдвар авсан хүмүүс эхний 14 хоногтоо, харин 21 хоногоос дээш хугацаанд халдвар авсан хүн бараг байхгүй гэдгийг ЭМЯ-ны Хэвлэл мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр мэдээлэв. Тиймээс иргэд аливаа сөрөг мэдээлэлд автахгүй байх, вакцинжуулалтын үр нөлөө, эерэг талыг илүү олж харахыг тэрбээр хүссэн юм.
Харин нийслэлд нэгдүгээр тунгаар 929 160, хоёрдугаар тунгаар 526 025 хүнийг дархлаажуулжээ. Орон нутагт вакцины нэгдүгээр тунг 881 319 хүн, хоёрдугаар тунг 159 164 хүн тариулаад байна.
Түүнчлэн манай улс нэг тун вакцин хийлгэсэн нийт хүн амын эзлэх хувиар Израйл улсын дараа 55 хувийн үзүүлэлтээр дэлхийд хоёрдугаар байрт жагсаж байна.
Вакцин хийлгэхийн өмнө анхаарах зүйлс:
- "Ковид-19"-ийн вакцины талаар тодорхой мэдээлэлтэй байх
- Дулаан хувцаслах
- Сүүлийн 1 сарын хугацаанд ямар нэгэн вакцин хийлгээгүй байх
- Вакцинжуулалтын цэгт очиж вакцинаа хийлгэх
- Эмчийн үзлэгт орох
- Вакцин хийлгэсний дараа 30 минут ажиглалтад байх
- Халдвар хамгааллын дэглэмийг сахих (амны хаалт зүүх, гараа халдваргүйтгэх, хүн хоорондын зай барих)
Вакцин хийлгэсний дараа юу анхаарах вэ?
- Вакцин тарьсан хэсгийг хөндөхгүй, хүрэхгүй байх
- Даарахгүй байх, хоёр хоног ус хүргэхгүй байх
- Вакцин хийлгэхийн өмнө ба дараа согтууруулах ундаа хэрэглэхгүй байх
- Халдвар хамгааллын дэглэмийг сахих (амны хаалт зүүх, гараа халдваргүйжүүлэх, хүн хоорондын зай барих)
- Халуурах, ханиах зэрэг шинж тэмдэг илэрвэл 119 дугаарт хандах
- Боолт хийх, эм, тос түрхэх, хөхний сүү, гялгар уут, бусад зүйлээр жин тавихгүй байх
- Давтан тунгаа товлолт хугацаандаа хийлгэх