БОАЖ-ын сайд Н.Уртнасангийн Хэнтий аймаг дахь албан томилолт үргэлжилж байна

Монгол Улсын Ерөнхий сайд болон Засгийн газрын зарим гишүүд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан нар албан томилолтын хүрээнд Хэнтий аймагт түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх цогц төслийг хэрэгжүүлж, түүнийг дагасан агаарын тээвэр, авто замын дэд бүтцийн хөгжлийг цогцоор шийдвэрлэхээр ажиллаж байгаа ажлын явцтай танилцлаа.

Чингис хотод зохион байгуулсан уулзалтын үеэр түүхэн аялал жуулчлалын бүсийг хөгжүүлэх хамгийн чухал төсөл бол Их эзэн Чингис хааны төрөлх нутаг Дадал суманд байгуулагдах “Чингис хаан аялал жуулчлалын цогцолбор” юм гэдгийг Л.Оюун-Эрдэнэ сайд тодруулж хэлсэн.

Энэхүү цогцолбор байгуулах ажлыг Азийн хөгжлийн банкны 19 сая ам.долларын санхүүжилтээр 2019-2024 онуудад хэрэгжиж байгаа “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлэх юм.

Энэхүү төслийн хүрээнд өдөрт 4,500 гаруй хүнд үйлчлэх хүчин чадалтай “Чингис хаан аялал жуулчлалын цогцолбор”-ыг Дадал сумын Бор толгой хэмээх газарт байгуулж, 295 га талбайд цогцолборыг дагалдах гадна тохижилтыг бий болгож, Дадал сумын төвөөс цогцолбор хүртэлх 2,6 км авто зам, 50 автобус, 220 автомашины зогсоол, 4,5 км цахилгаан дамжуулах шугам, дэд станц, бохир ус цэвэрлэх байгууламж, хатуу хог хаягдлын ландфилл байгууламжийг тус тус байгуулна. Цогцолборыг зорин ирж буй жуулчдад олон улсын жишигт нийцсэн үйлчилгээ үзүүлэх резортыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар байгуулах ажлыг төрөөс бүх талаар дэмжиж, 2021 оноос эхлүүлэхээр ажиллаж байна гэдгийг салбарын сайд Н.Уртнасан онцоллоо.

Түүнчлэн төслийн хүрээнд Дадал сумын ерөнхий төлөвлөлтийг аялал жуулчлал, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн боловсруулж, эхлүүлэх юм.

Төслийн үр дүнд нийт 2,550 иргэдийг цогц сургалтанд хамруулж, 130 ажлын байрыг шинээр бий болгож, орон нутгийн иргэдийн санаачилсан 30 бичил бизнест санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.

Өнөөдрийн байдлаар зам болон барилгын ажлын нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулсан бөгөөд, ажлын зургийг 2021 оны 9 дүгээр сард дуусгаж, 2022 оны нэгдүгээр улирлаас барилгын ажлыг эхлүүлж, 2024 оны 2 дугаар улиралд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Чингис хаан аялал жуулчлалын цогцолбор, түүнийг дагасан Өндөрхаан-Дадал чиглэлийн авто зам, Дадал сумын олон улсын нисэх буудал цогцоор ашиглалтад орсноор 2024 оноос эхлэн Хэнтий аймагт жилдээ 200 гаруй мянган жуулчин хүлээн авч, 150 гаруй тэрбум төгрөгийн эдийн засгийн орлогыг жил бүр аялал жуулчлалын салбараас бий болгох боломжтой гэж үзэж байгааг салбарын сайд Н.Уртнасан танилцуулсан юм.