“Номын соёлт ертөнц” ТББ 2007 оноос хойш жил бүрийн хавар, намар тасралтгүй зохион байгуулж буй “Номын баяр” 29 дэх удаагаа уншигчдадаа үүдээ нээж байна.
Өнгөрсөн оноос УИХ-ын дарга Г. Занданшатар уг баярыг ивээлдээ авч царааг тэлэхээр ажиллаж байна. Мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Улаанбаатар хотын төв талбайд болдог соёлын үйл ажиллагааг дэмжиж, “Дэлхийн номын нийслэл”-д нэр дэвших зорилгоор хамтран зохион байгуулж байна.
Цар тахлын үед Монгол түмэн хорио цээрийн журмаа мөрдөн өнгөрсөн хавар, намар номын баяраа өргөн дэлгэр зохион байгуулсан бол энэ жилийн хаврын ээлжит баяраа UBS телевизтэй хамтран “Номын баяр” телевизийн хөтөлбөрөөр эхлүүлүүлсэн билээ.
Олон зуун мянган хүнд ном унших баяр баясгаланг бэлэглэдэг, хүүхэд, залуусыг ном уншихад нөлөөлдөг “Номын баяр” энэ удаа “Илүү их уншъя” уриан дор зохион байгуулагдаж байна.
Д.Сүхбаатарын талбайд гурван өдрийн турш болдог, жилээс жилд ач холбогдол, нийгмийн хүлээлт нь улам бүр нэмэгдэж буй “Номын баяр”-т дунджаар 100 гаруй хэвлэн нийтлэгч компани, 80 орчим номын худалдаа эрхлэгч, 300-аад зохиолч, орчуулагч, редактор, зураач, эх зохиогч, 50000 гаруй уншигч, сонирхогчид оролцдог.
Номын баярын үндсэн арга хэмжээг зохион байгуулахад санаачлагч, баярын зөвлөлийн гишүүд, номын ертөнц клубын сурагчид, сэтгүүлийн редакц, зохион байгуулах баг, дэмжигчид, оролцогчид болон уншигчид гар бие оролцдог юм.