Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт энэ сарын 9-ний өдөр болж, парламентад суудалтай гурван нам нэр дэвшүүлснээс МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх 67.68 хувь буюу 823 326 иргэний санал авч тэргүүлсэн билээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар санал тоолох төхөөрөмж болон гар тооллого хийхээр заасны дагуу саналын хуудсыг 100 хувь гараар тоолоход санал тоолох төхөөрөмжийн дүнгээс зөрөөгүй ажээ. Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ) сонгогчдын олонхийн санал (67.68 хувь) авсан У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцсон 57 тоот (2021-6-11) тогтоолыг гаргажээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн дүнг СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран УИХ (2021-6-11)-д өргөн мэдүүлсэн юм. УИХ “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн дүнг хэлэлцэж, У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцсон” тухай хууль (2021-6-11)-ийг баталжээ.
Үндсэн Хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч сонгогдсоноосоо хойш 30 хоногийн дотор УИХ-д тангараг өргөх ёстой бөгөөд тангараг өргөх товыг УИХ тогтоодог. Иймд УИХ сонгуулийн дүнгээр олонхийн санал авсан У.Хүрэлсүхийг энэ сарын 25-ны өдрийн 11.40 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргүүлэхээр тогтоол гаргажээ. Уг тогтоолыг чуулганд оролцсон гишүүдийн 77 хувь дэмжсэн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль 2021 оноос өмнө 7 удаа болжээ. Энэ хугацаанд анхны Ерөнхийлөгч П.Очирбат, 3 дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, 5 дахь ерөнхийлөгч Х.Баттулга нар 1 бүрэн эрхийн хугацаа (4 жил) дуусгасан бөгөөд 2 дахь болон 4 дэх ерөнхийлөгч Н. Багабанди, Ц.Элбэгдорж нар 2 дахь бүрэн эрх (8 жил)-ээ хэрэгжүүлжээ. Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр дахин нэр дэвших боломжгүй болсон бол П.Очирбат, Н.Энхбаяр нар дахин сонгогдоогүй юм.
Ерөнхийлөгчийн тангараг өргөх гэж байгаа У. Хүрэлсүхийн хувьд хэд хэдэн онцлогтой. Тухайлбал, Үндсэн Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр анх удаа 6 жилээр бүрэн эрхээ хэрэгжүүлнэ. Мөн парламентад суудалтай намуудаас нэр дэвшиж Ерөнхийлөгчөөр сонгогдсон бусад таван Ерөнхийлөгч нараас хамгийн өндөр буюу санал хураалтад оролцсон сонгогчдын 67.68 хувийн хамгийн өндөр санал авсан нэр дэвшигч болжээ.
Цар тахлын үед зохион байгуулагдсан нь өмнөх ээлжит сонгуулиудаас ялгаатай байсан гэж хэлж болно. УОК-оос нарийвчилсан журам баталж мөрдүүлсэн аж. Энэ бүхэн Ерөнхийлөгчийн 8 дахь удаагийн ээлжит сонгуулийн гол онцлог байсан талаар хэвлэлүүд мэдээлж байна.
Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг зохион байгуулахад цагдаа, онцгой байдал, тагнуулын байгууллагын ажилтнууд аюулгүй байдлыг хариуцан ажилласан. Аймаг, нийслэлийн 22 хороо, Гадаад улсад байгаа иргэдийн саналыг авах Төв комисс болон 44 салбар комисс, 2087 хэсгийн хороонд 22 мянга 300 төрийн албан хаагч, мэдээллийн технологийн 2800 албан хаагч ажиллажээ. Түүнчлэн цар тахлын үеийн дэглэм сахиулахад эрүүл мэндийн байгууллага, онцгой байдлын нийт 5474 алба хаагч, иргэний бүртгэлийн 3137 ажилтан, цагдаагийн 8500 алба хаагч ажилласан байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагын 40 сэтгүүлч сурвалжилж, 40 гаруй төлөөлөгч ажиглажээ.
Ерөнхийлөгчөөр 67.8 хувь буюу 823 326 иргэний санал авч сонгогдсон У.Хүрэлсүхтэй өрсөлдсөн “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат 20.3 хувь буюу 246 968 сонгогчийн санал, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 6 хувь буюу 72 832 сонгогчийн санал авчээ.