УОК-ын хуралдаанаар нийслэлээс орон нутаг руу зорчих автозамыг хаах, хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргаагүй гэдгийг тус комиссын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэв.
ЭМЯ-наас хөл хорио тогтоох, орон нутгийн замыг хаах санал оруулж ирээгүй гэдгийг тэрбээр онцолсон юм.
Харин энэ сарын 24-нд дуусах байсан хоол үйлдвэрлэл үйлчилгээний газар буюу ресторан, кафе, түргэн хоолны газар, цайны газар, амралтын газар, жуулчны баазуудын үйл ажиллагааг хязгаарласан шийдвэрийг дахин 10 хоног сунгасан гэдгийг УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэв.
Мөн чийрэгжүүлэлтийн төв буюу фитнесс, бассейны үйл ажиллагааг 6 дугаар сарын 24-нөөс эхлэн 10 хоног хязгаарлахаар болсон байна.
Ташрамд дурдахад, өнөөдрийн байдлаар 19 аймгийн 176 суманд тодорхой хязгаарлалтын дэглэм үйлчилж байгаа юм. Тиймээс хотоос гарах хөдөлгөөнд хязгаарлалт тогтоохгүй бөгөөд орон нутгийг зорих иргэд тухайн аймгийнхаа Онцгой комиссоос тодорхой мэдээлэл авах хэрэгтэй гэдгийг УОК-оос анхааруулав.
Худалдаа, үйлчилгээний салбарууд хууль, журамд заасан шаардлага, халдвар хамгааллын дэглэм мөрдөж байгаа эсэхэд тогтмол хяналт тавихыг мэргэжлийн байгууллагуудад даалгалаа.
Гадаад улсаас ирсэн хүнийг тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журам”-д холбогдох байгууллагуудаас ирүүлсэн санал, дүгнэлтийг тусгахаар боллоо.
Түүнчлэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарын хяналтыг сайжруулах, эмнэлзүйн багийн үйл ажиллагааг эрчимжүүлж, гарсан үр дүнгийн талаар Улсын онцгой комисст ирэх сарын 9-ний дотор танилцуулахыг Эрүүл мэндийн сайдад үүрэг болгов.
Гэрээр тусгаарлагдан эмчлэгдэж байгаа иргэдэд үзүүлж буй эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эм, эмийн хэрэгслийн хангалтыг тасралтгүй зохион байгуулна. Улсын хэмжээнд хүүхдийг вакцинжуулах ажлыг аюулгүй, өргөн хүрээнд зохион байгуулж, эцэг эхчүүдийг мэргэжлийн бодит мэдээллээр хангаж ажиллахад анхаарахаар боллоо.