Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах тухай тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2020 оны 2 дугаар сарын 19-ний хуралдаанаар АНУ-ын Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээх Засгийн газрын саналыг дэмжсэн. Энэ хүрээнд Дипломат албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасны дагуу дээрх шийдвэр, АНУ-ын зөвшөөрлийг үндэслэн тус улсын Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээх тухай тогтоолын төслийг боловсруулсан байна.
АНУ-д зорчих болон ажиллаж амьдрах, суралцах манай иргэдийн тоо жил бүр нэмэгдэж байна. Одоогоор 30000 орчим монгол иргэн тус улсад оршин суугаагаас 10 мянга орчим нь суралцаж байна. Монгол иргэд АНУ-ын зүүн эргийн Вашингтон хот орчим (6000), төвийн бүсийн Чикаго хот орчим (8000), баруун эргийн Лос Анжелес (2000), Сан Франциско (4000), Сиатль (1500) хотод тус тус төвлөрөн суурьшдаг. Баруун, зүүн эргийн хотуудад амьдарч буй монгол иргэдэд консулын үйлчилгээ хүрч байгаа боловч АНУ-ын төвийн бүсэд, тодруулбал Чикаго хот орчим оршин суугаа иргэдэд консулын үйлчилгээг ойртуулах шаардлага үүсжээ.
АНУ дахь монголчууд Чикаго хотноо төвлөрөн суурьших болсон шалтгаан нь ажлын байрны олдоц сайн, амьжиргааны түвшин харьцангуй бага, байрны түрээс хямд байдгийн зэрэгцээ Иллинойс мужийн нийгмийн халамжийн ээлтэй бодлого (шинээр төрсөн хүүхдийг даатгалд хамруулж, 16 нас хүртэл нь эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг гэх мэт)-той холбоотой аж. Мөн сүүлийн жилүүдэд монгол иргэд ачаа тээвэр, гоо сайхан барилгын чиглэлээр 50 орчим компани эрхэлж, монгол гурван сургууль, Чикаго хот дахь Монгол иргэдийн холбоо, Монгол төв зэрэг иргэдийн үүсгэл, санаачилгын 20 гаруй байгууллага үйл ажиллагаагаа эрчимтэй явуулж байгаа аж.
ЭСЯ-наас Чикаго хотод консулын үйлчилгээ үзүүлэх үед Индиана, Висконсин, Мичиган, Мизури, Миннесота ээрэг залгаа мужид оршин суугаа монгол иргэд олноор үйлчлүүлнэ гэж төсөл санаачлагчид үзсэн байна. Тогтоолыг баталснаар АНУ-ын худалдаа, эдийн засаг, банк санхүү, аялал жуулчлалын томоохон төв, 8000 орчим монгол иргэд оршин суудаг Чикаго хотод Консулын газар нээх нь хоёр орны худалдаа, эдийн засаг, соёл, боловсролын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх болон төрийн үйлчилгээг иргэддээ ойртуулах, иргэдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах чухал ач холбогдолтой хэмээн үзэж буй юм.